“Азтай савар” төрийн бус байгууллага, “Номын ертөнц” клубийнхэн хамтран “Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлажээ. Тэд хамтран амьтдын тухай өгүүлдэг, шилдэг 50 номын жагсаалт гаргасан байдаг. Сурагчид тэдгээрээс сонгон уншиж, бүтээлч тэмдэглэл хөтлөн өрсөлдөх аж. Монгол Улс түүхэндээ анх удаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хуулийн зорилтыг хүүхдүүдэд ойлгуулах, бас амьтдын тухай илүү их танин мэдүүлэх нь уралдааны зорилго аж. Бид яагаад амьтныг хайрлах ёстой вэ, энэ дэлхий ертөнц зөвхөн хүнд зориулагдсан уу гэх мэт олон асуултын хариултыг хүүхдүүд ном унших явцдаа ойлгоосой гэж хүссэнээ уралдаан зохион байгуулагчид онцлов.
Уралдаанд оролцогчдын бүтээлийг арванхоёрдугаар сарын 2 хүртэл хүлээн авах нь. Ирүүлсэн бүтээлүүдээр тухайн сарын 5-9-нд үзэсгэлэн гаргаж, олон нийтэд толилуулах бөгөөд шилдгүүдийг нь 10-нд шалгаруулж, урамшуулахаар төлөвлөжээ. Оролцогчид номын тэмдэглэлээ сонин, подкаст зэрэг янз бүрийн хэлбэрээр бэлтгэж болох аж.