Энэ удаагийн “Уран зохиол” буландаа Б.Чимэдгүнсэнгийн “Зэлүүд хөх тал” өгүүллэг, туужийн түүвэрт багтсан бүтээлүүдийг онцолж байна. Утга зохиол, яруу найрагт шимтэн дурлагчид “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Барнангийн Доржпалам агсныг андахгүй мэдэх буй за. Тэгвэл түүний дүү Б.Чимэдгүнсэн гэж мөн л үгийн шид увдисаар утгын чимэг бүтээгч нэгэн эрхэм байдаг аж.
Саяхан болсон 36 дахь удаагийн Номын баярын үеэр тэрбээр өдөр тутмын сонинуудын асрыг зорин ирж, “Өнөөдөр” сонины хамт олонд зохиол бүтээлийнхээ дээжээс өгсөн нь “Зэлүүд хөх тал” байв. Зохиолч уг номоо ээж Ш.Цэнджав, аав Н.Барнан, ах Б.Доржпалам нарынхаа дурсгалд зориулсан аж. Өмнөх үгийг нь Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав тэрлэжээ. Тэрбээр Б.Доржпалам найрагчтай нэгэн цагт ойр дотно нөхөрлөж, дүүгийнхээр нь “орж, гарч” явсан тухайгаа дурсаад “Чимэдгүнсэн шүлгийн шагхийсэн хоёр ч ном гаргажээ. Ахынхаа шүлгийн өнгө тавилтаас өөрийг нээн үзүүлж чадсан ч нутаг усны сэдвийн хувьд аргагүй л бор толгод, бор талын хөх салхи сэнгэнэж буйгааараа ахуй амьсгалын судас нэгтэй нь мэдрэгдэнэ. Энэ номд бор талын босоо шүлэг цөөнгүй байна. Улам л босгож өндийлгөх, урлах хэрэгтэй” хэмээж, ахынх нь шүлгээр түүнийг “ороолгожээ”.
Баянширээтэд бууна
“Хасар аа! Гоё дуу сонсох уу? “Али Баба” гэдэг дуу...
Удам охин хар даавуун торноос жижиг магнитофон гаргаж бяцхан гараар хэдэнтээ алгадаж тоосыг нь гөвөөд,
-За эхэллээ шүү! Гурав аа, ий... гэв.
“Цахилгаан хөгжмийн онцлог аялгуу хангинан цоргиж ирээд Хасарын хэдийн нь үзсэн кино үлгэрийн баатрууд давхилдаж морьд янцгаана. Есөн эрдэнэ сулран асгарч шидэт туяа харвалцана. Дээрэмчдийн ахлагч зальт Али Баба шидэт үг “Сезам” гэж хашхирахад догшин мөнгөн хүрхрээ татран алга болж сүрлэг байцсын ханан хад тэдний өмнө нээгдэв. Агуйд гүн харанхуй аж. Үдийн халуунд зогссон морьд сэрвэлзэн үргэмэр аядаад ялаархаж эхлэв.
-Удам аа, хоёулаа энэ эзгүй талд бүжиглэх үү?
- Үгүй, ичиж байна.
-Юунаас
-Энэ морь, тэнгэр, тэр хонь
Удам цааргалан байснаа,
-Хоёр хар юм навсаганаад эхлэхээр анир чимээгүй хүртэл гайхах байх даа гээд л тас тас хөхөрч суув.
-Тэгвэл нөхөр Хасар би бээр одоо чамайг... гээд л хар хүүгийн дүрсгүй хатуу тоглоом эхлэх янзтай болоход сандрахдаа, тэрийг хар даа гэчихэв. Хасар гэнэджээ. Тийм дулаахан гарыг алдчихдаг байгаа. Охины аз болоход эрх хар ямаа нь хэдийн сонсчихсон үнэрлэж зогсоно. Хасарыг зандрахад тургилан хэдэнтээ цойлоод сүрэгтээ орчхов. Удам соронзон бичлэгээ шажигнатал буцаах зуураа мөрөөдөнгүйгээр,
-Хүүе ээ! Зурагт шиг дэлгэцтэй байвал мөн догь оо... Али Баба дөчин дээрэмчинтэйгээ энэ хад, тэр гүвээ, дэрсэн дундаас давхин гарч ирээд...
-Ёстой гарч өгнө дөө. Чи оролдоод үзээч.
-Үгүй дээ.
-Чи чадна аа. Танайд байгаа техникийн тэр олон ном чинь заагаад өгнө. Ирэх хавар сургуульд явна даа! Тэгээд л...
-Дандаа тэгээд л шүү. Хоёулаа л сургуульд явъя.
-Хоёулаа хөдөөнөө л байя л даа.
-Би ч чадашгүй ээ.
-Чи надад хайргүй, тийм ээ?
-Мэдэхгүй ээ...
Хасар урвайчихав.
-Тийм байх, дандаа л мөрөөдөнө, зөгнөнө
-Буруу гэж үү?
-Үгүй л дээ!
Тэртээ баруунтаа сүүдэртэх их ухаагийн энгэрт хоёр цагаан гэр зэрэглээн дунд мөн л хөөцөлдөн жаргаж авай. Удамд ээж нь бодогдоно. “Дамба гуайтай явсан юу алзах вэ. Бригадын хурал оройдоо тарчихна. Кино концерт тавтай үзчихээд өглөө ирнэ биз. Харин би ганцаараа хонох нь ээ. Муу банхраа оноод уячих юм шүү”
Хасар ногоо хазаж сууна. Шүлс нь завааран гүд хийтэл залгихад хоолой гашуу оргивч тоосон янзгүй зажилсаар...
“Хэлэх үү, байз, дам үгээр ч яах вэ дээ. Аавтай ний нуугүй л ярилцах нь зөв...”
-Хасар аа, юу бодоод суучихав аа, бүр уйдчихлаа.
-Чамайг
-Өөр?
-Ааваан бас ээжий тань...
-Тэгээд л тэр үү?
-Тийм ээ, тэгэхдээ нэг явдал болох нь ээ...
-Юу юм бэ? хэлчих л дээ...
-Одоо нууц, сүүлд...
-Тэгвэл би явлаа, хонь холдчихож.
- Таны сүрэг түрүү нь далд орчихсон шүү.
Саяхан Бор-Өндөрийг дэлхэн бүрхэж асан хонин сүрэг хээр талд оржээ. Юм бүгд хөдөлгөөнд орж өвсөн түрүү имрэх төдий унахыг мэдрэн Хасар дотроо энэлж сууна. “Маргааш хуц, ухнаа аваад мал хээлтүүлэх цэг рүү нүүнэ. Ганц энэхэн бол хэчнээн амар. Ямар шаналантай юм бэ? Хэдэн өдөр ажлаа Удам юу ч мэдээгүй явна”
Энэхэн үес Удам ойрхон ирж явлаа. “Бүгдийг нь хэлчихээд л дуусах минь. Эр хүн байна даа, нэг ая олно оо, цус...” Хасар элдвийг урвуулан нэгийг учиглана.
-Хасар аа! Аав чинь манайх руу очиж явна...
-Тийм ээ, чи одоо л мэдлээ.
Дамба хүүтэйгээ ярьснаас хойш “Дэжидээс салж үхэхгүй юм шүү” гэсэн хатуу бодолд бүр автсан ажээ. Тэгээд илэрхий цагаан хяр барин алхлуулсаар гэр байгаа хотост орж бараа тасрав.
-Удам минь бидний зам салсан. Цаад хоёр чинь сууна. Мэдэж байна уу?
-Худлаа! Манай ээж тийм хүн биш ээ...
-Аяар гэм... Бид чинь адгуус юм уу. Хоор хоорондоо суултай биш.
Хасар Удамын гэнэтийн мэгдэлтэнд дуугаа зөөлрүүлэн,
-Чи аавыг мэдэхгүй ээ. Биднийг дийлж байж л нэг амарна даа гэв.
* * *
Удам мориныхоо гүйхээр ирсэн боловч ээж нь аргалдаа явчихсан гэрт хэн ч байсангүй. Эгэл баазхан ч танил тавилга сэлт дотноор хүрээлээд эзний нүдэнд байнга тусах ор цэмцийтэр хураалттай тэр янзаараа харагдана. Энд л ямар нэгэн гайтай юм байх шиг санагдана. Тэгээд дэрийг нь онгичсон боловч олох гэсэн аймшигт зүйл нь байсангүй. Харин аавын нь сэрүүн тунгалагтаа, хааяа нэг гаргаж өмсдөг асан цагаан торгон цамц, он жилийн нугалаасаараа тана шиг цавцайж нүднээ тодхон тусна. Ээжийнхээ зандрах, нохойн бяцхан гаслах чимээгээр босож ирлээ. Ижий нь хормойгоо гөвөн хоолой засан хаалганы цүү торжигнуулан инээмсэглэсээр орж ирэв.
-Ээж ээ!...
-Өө, миний охин, хонь тогтов уу? Морио хардаггүй байна шүү.
-Ээж ээ!...
Дэжид цочих ч шиг сүрхий харвал охины улайж бүлцийсэн нүд, уйлж халтартсан царай сэтгэлийг нь ширд хийтэл зүсээд авлаа.
-Дамба гуай манайд ирдэг юм аа...
“За баларлаа, юу гэдэг билээ”. Алгуурхан нүдээ анихад газар дайвалзана. Дэжид яаж ч чадсангүй толгой дохив. Өөр арга олдсонгүй.
Дэжид урд хоолойн бударгана дунд түрүүхэн харагдсан хэдэн тэмээндээ дөхөж явна. Нар шингэх ойртжээ.
...Өдөрлөг тараад Дэжид шөнөдөө явах гэсэн нь Дамба дурамжхан байхаар аяыг нь харсгээд больсон аж. Саруулхан шөнө бригадын төв сарны толионд яасан үзэсгэлэнтэйг тэгэхэд мэдэрчээ.
Энэ хүнд Дэжид яагаад ч юм бэ ээнэгшүү болчихсон байлаа. Айл саахалт хамт явсан аль ханхар эрчүүлийг ч тэр гэхэв. Тэгэхэд төрсөн ганц үрийнхээ сэтгэлтэй хүүгийн аавтай ийм болчихдог...
“Ташрамд би бишгүй л учирласан. Эр хүний эзэрхийлэл барагтай хоригийг дийлж дуусдаг хойно доо... Дамба ч бие татаж авч чадахгүй бололтой. Хөөгөөд л байхад шүү”.
Тэмээд тааваараа босож гэрийн зүг цував. Унасан морь алхаа хөнгөлөн товолзож суудал засан Дэжид бодол зайчлан нэгтээ санаа алдлаа. Түнэр харанхуй арай ч цайраад ирэх шиг болов.
“Тэр хоёр залуу хүмүүс! Ямар бид биш дээ... Манай банди ч ирэх хавар цэрэгт явчихна. Энэ олон жилд нэг нь төөрчих ч юм бил үү. Тэгээд ч биднийг неги буруутгахгүй л болов уу?...” Өдөр буугаад явахдаа Дамба ингэж хэлжээ.
“Бүсгүй би яагаад ч чадахгүй нь. Охин минь жаргаж яваг.
Охиндоо уурлах учирлах ухаан ч байсангүй. Аяга хүйтэн цай залгилчихаад л гарсан. Одоо өрөвдөж үгүйлж байна гээч! Ашгүй гэртээ хүрээд ирлээ. Охин маань хонио хотлуулчихаж.
“Сар гараагүй бараан тэнгэр дор эх охин хоёр таван тэмээгээ уяж явна.
-Ээж ээ, манайх нүүх гэж байгаа юм уу?
-Нээрэн, тийм л дээ. Бүр мунгинаж гуйцэж ээж нь,
-Та уйлаагүй биз.
-Зүгээр дээ, охин минь! Хөдөөгийн амьдрал аа гэж! Энэ сайхан орон дэлхийгээ харж яваад л зовлонгоо эдгээчих юм. Охин минь ороод хоолоо хийж бай. Ээж нь ачаагаа бэлдье! Сар гарахаар ачаалаад хөдөлчихнө.
-Хаана буух юм бэ, ээжээ?
-Баян ширээтэд бууна. Мөн ч сайхан нутаг даа, хөөрхийс минь!
Тэр нь талийгаач нөхрийнх нь төрсөн нутаг байлаа.
“Говийн мэдээ” сонин 1986 он (Анхны өгүүллэг)
Боржигон угтаал
Найраглал
Тэртээх он цагуудын
Оцол сансар уулнаас
Энтээх он цагуудын
Их газрын чулуунаа
Тэр эртний
Онгон зэлүүд хязгаарт
Адуун сүрэг сүрэг сүргээрээ
Дэл шаширлан давхилдана
Омголон хүлгүүдийн үүрсээнд
Дэлхий газар эвшээнэ
Их Угтаал Ерлөг хайрханаа
Үүрийн нар эхлэн мандаад
Цавчаал тунгалаг усаа мэлтэлзүүлэн шимж
Хоёр загал унгалдан давхина
Тийн нэг өдөр тэр хоёр загал
Түмэн сүргээс тасран одов оо
Эзэн богдын их зайран
* * *
Эрэл суралд эзлэгдэн буув л гэнэ
Эсэр цагаан тохмон дээр
Эмэг эх, хатан хоёр дөрвөн бэрх орхив л гэнэ
Хангай ханаа арлав гэж
Өмнө нутгаа мөрлөв гэж
Мэргэн төлөгчийн нимгэхээн
Нисэх шахсан
Ерөн есөн зоос жингэнэн дуулгав аа
Эрдэмд оройлсон хүмүүний
Цэцэн билигт дээдэд хураагдсан
Эр хоёр загалын эрчист мөрүүд суув гэнэ
Хамгийн дотор хаан эзэн суугааг
Халхалсан их загал
Хазайсан бага загалдаа сануулав гэнэ
Гэсэр цагийн морин хуур
Дангинан чичирхийлж
Янцгаан дуудав л гэнэ
Тэнгэр газрын эе
Билэг арга тэгширчээ
Тийн эзэн богд
Тунгаан бодож үзэхүй
Тэнд хоёр загал үүрсэн байлаа
Өргөн хоёр цавчирын булагтаа
Морьдоо услав гэнэ
Өндөр хоёр шийр уул уяандаа
Морьдоо хэцлэв гэнэ
Төв эрхэмсэг боржигон найр хөгжин
“Эртний сайхан” уртын дуу
Эгшиг задраан шуранхай хадаана
Исэр сацарын гол хүрээнд
* * *
Хоёр загал газар цавчаалан
Адуучийг шөргөөн тэлчүүлнэ
Хэт цахин асаасан найман бүслүүрт
Хаан тулганд хээр талын хөх хойморт
Хөх аргалын гал дүрэлзэн дүрэлзэн
Огторгуй өөд очис шидлэн
Улалзах ажгуу
Эзэн богд морьдын
Илчит магнайг илбэнэ
Эрчит туурайг шинжинэ
Хийд эмээлээ тохов гэж зүүдлэв би
Тэр их зөн болов
Сум мэт хоёр загалыг онголов би
Нум мэт тэнгэрийн хүчийг атгуулав гэж
Өндөр дуугаар айлдав аа
Хурсан түмэн уухайлна
Хуйхарсан олон морьтон
Хүрэж тойрон давхилдаж
Хурмаст өөд дэвшүүлэв ээ
Боржигон удмаа судлахад агуу туух сонсогдоно
Бодон бодон алсрахад билэг оюун ундарна
Бодончар дээдсийн онго сахиус хараастай
Боржигон цэцдийн үр хойчоо бид
Нар хаанаас чиг гийгүүлсэн
Сар хаанаас чиг гэрэлтүүлсэн
Уртын урт айзамт дуу цэлмээсэн
Уужмын уужим цээлхэн орон
Суут богд бошиглосон
Олон зуунаар довтолгосон
Ороо хоёр загал
* * *
Одны цанхтай давхина
Адуун дундуур цойлон гарав
Хайя хайя, гуруй гуруй
Билэг болон дэлгэрсэн
Бичиг болон янцгаасан
Оюут хоёр загал
Орчлонгийн энтэй давхина
Хотондоо хөрвөөн тонгочин хөөцөлдөнө
Хайя хайя, гуруй гуруй
Эр хоёр загалын
Харьд гүйсэн домог тууж
Эзэн богддоо ирж
Үнэнээ өгүүлсэн нууц тэмдэг
Энэ л манай нутгаас
Эрдэмд оройлсон хүмүүн
Салхилуулан туурвисныг
Хичээнгүйлэн өгүүлэв ээ би.
Цагаан чулуут
Агаз элгэний уснаас
Баруун урагш холгүйхэн
Алаг цагаан чулуудтай
Гүвэн гүвэн толгод бий
Айл бууж намаржаалдаг
Дэрст хонд бий
Арван зүг цэлгэр
Дэнж дэвсэгт тал буй
Ээж минь түргэнээр яваад
Эргэж ирээгүйн харуусал бий
Шилэн гэгээвчин цаанаас
Ширтэж эвийлсэн инээмсэглэл бий
Шинэ охиноо тэврээд
Ирнэ дээ гэсэн
Чин сэтгэл нь бий
Амдаж очин эцгийн минь
Амжиж хэлсэн үг бий
Харсаар хоцорсон таван хүний
Хагацаж чаддаггүй сэтгэл бий.
Ерлөг уул
Хар халзан элээт уулан дахь
Ширүү тулалдаан цавчилдана
Хад асганы араас
Зэвт сум харвалцана
Ёолон хашхирах
Тойлон энэлэх дуу
Цойлон дэлссэн зүрх
Цоггүй гөлийсөн нүд
Тэнгэр харж үлдэнэ
Өгөөдэй хан хүүгийн
Гүн шарх аньж
Үхлийн босгоноос
Ирж яваа харагдана
Өрлөг нэгэн баатар
Эмээлээ дэрлэжээ
Эцсийн халуун амьсгалыг нь
Эсгий тохмонд шингээн
Авч харагдана...
Өрлөг нэгэн-үнэн түүх
Ерлөг уул болон мөнхөрчээ