Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн энэ оны эхний есөн сарын байдлаарх зарлага нэг их наяд 494.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 333 тэрбумаар хэтэрчээ. Тэгвэл эл хугацаанд хамаарах даатгуулагчдын шимтгэлийн орлого ердөө 572.3 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, шимтгэлийн орлогоосоо бараг гурав дахин их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээнд зарлагадсан гэсэн үг. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, өнгөрсөн оны эхний есөн сард даатгалын сангийн зардал нэг их наяд 161.5 тэрбум төгрөг байв. ЭМДС-гийн энэ оны зарлагын 94.2 тэрбумыг эмийн үнийн хөнгөлөлтөд, 21 тэрбумыг нь сувиллын тусламж, үйлчилгээнд зарцуулжээ. Харин үлдсэн 1.4 их наяд төгрөг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал дангаараа эзэлж байна.
ЭМДС-гийн орлого, зарлага ийн тэнцэхгүй байгаагаас сүүлийн жилүүдэд нэлээд алдагдалтай ажиллах болж. Үндсэндээ даатгалын сангийн мөнгө шавхагдан, улсын эмнэлгүүдээ ч санхүүжүүлж хүчрэхээ больж, өчнөөн өр төлбөрт уначхаад байгааг манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Он дуусахад хоёр сар дутуу байхад ЭМДС-гийн зарлага ийнхүү 333 тэрбум төгрөгөөр хэтэрч, жилийн төсвөө хэдийн зарцуулчихсан аж.