Улаанбаатарын инновацын төвийн үйл ажиллагааг зогсоосон тухай мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй. “Өнөөдрөөс (өчигдөр) “Innovation HUB” үүдээ хаалаа. Мянга мянган хүний хүсэл мөрөөдөл, гарааны бизнесүүдийн мэдээллээ солилцдог, хамдтаа хөгждөг гайхалтай газар байлаа. Уг нь энэ бол залуусын мэдэх халуун дулаан орчны нэг. Нийслэлийн Авто замын хяналтын төв энэ барилгад цаашид үйл ажиллагаагаа явуулах гэнэ. Өөр газар олдохгүй байгаа хэрэг үү. Нэг ажлаар нөгөөг нь үгүй хийдэг тогтворгүй бодлого” хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа хуваалцжээ.
Түүний онцолсон төвийг инновацын эко системийг бүрдүүлэх, шинэ санаа, гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, залуусыг таатай ажлын орчноор дэмжих зорилгоор 2018 онд байгуулж байлаа. Гэвч коронавирусний улмаас 2020, 2021 онд үйл ажиллагааг нь зогсоожээ. Үүнээс хоёр жилийн дараа дахин хаалгаа барих дээрээ тулаад буй нь энэ. Тус төвийн оффис нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дахь нийслэлийн засаг захиргааны тавдугаар байранд байдаг. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн Бизнес инновацын газар, Хүний нөөцийн хөгжлийн газар тэнд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдүүлэхийн тулд Улаанбаатарын инновацын төвийг тэнд нээж байжээ. Хоёрдугаарт, залуус хүрч ажиллахын тулд их, дээд сургуулиудын орчимд үйлчилгээгээ эрхэлдэг. Гэтэл ийнхүү бууриа сэлгэхдээ тулаад буй бололтой. Иргэд ч үүнийг нь эсэргүүцэж цахим орчинд давлагаалаад байна.
А.ДӨЛГӨӨН