Хүний далдын далд амтлах сан гэж хүсэх бал бурам, холуур л тойроосой гэх айдас, хүсдэг ч үйлдэж эс чадах танхайрлыг жишим ч үгүй дэлгэж, олны алга ташилт, хараалыг зэрэгцүүлж “буулгадаг” нэгэн өөдөөс минь харан сууж байна. Хүний амьдралын зовлон бэрхшээл, асуудал хэзээ ч барагдахгүй. Тиймээс уран бүтээлчдэд туурвих өнцөг, хөндөх сэдэв хэзээ ч мундахгүй биз. “Орхидос”, “Намаг”, “Хоёр амь”, “Улаан дөрвөлжин”, “Тэнгэрийн андгай”, “Пагмадулам” зэрэг 10 гаруй кино найруулаад буй Б.Ганболдтой ярилцсанаа уншигч танд хүргэе.
-“Пагмадулам” киногоо нээгээд удаагүй байна. Хүмүүс янз бүрийн байр сууриас хүлээн авлаа. Найруулагчийн хувьд эцэст нь харахад эл бүтээл санаанд тань хүрэв үү?
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойд зориулж энэ сод эмэгтэйн тухай кино хийх гэж нэлээд цаг хугацаа, ур чадвар зарлаа. Гагцхүү монгол эмэгтэйчүүдийн дуу хоолой болохуйц түүхэн хүний амьдралыг баримт нотолгоонд тулгуурлаж хийсэн нь талархууштай юм. Кино хийх нөр их хөрөнгийг босгох гэж хичээсэн тус холбооныхонд талархал илэрхийлэх хэрэгтэй байх.
Сэтгэл ханамжид уран бүтээлч биш, үзэгчид дүн тавьдаг. Үзэгч бүрийн сэтгэлгээ, харах өнцөг өөр. Би Д.Пагмадуламын гэхээсээ илүүтэй эмэгтэй хүний тухай кино хийхийг хүссэн уран бүтээлч. Киногоо үзчихээд 100 хувь сэтгэл хангалуун байна гэдэг хэцүү. Олон шалгуур давсны дараа уран бүтээлээ хийнэ. Шалгуурын цаана бэрхшээл бий. Жүжигчдийн ур чадвар, бусад уран бүтээлчийн ажилд бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байна. Харин би уг киног 60 хувьтай хийсэн гэж өөрийгөө үнэлнэ. Уран бүтээлч хүн аль болох алдахгүйг зорьдог байх. Тэгэхийг л хичээлээ.
-Кинонд өрнөж буй үйл явдлыг өнгөрсөнтэй нь “уяж” үзүүллээ шүү дээ.
-Хүн амьдралынхаа хамгийн баяртай, хүнд хэцүү үеийг үргэлж зэрэгцүүлэн бодож явдаг. Энэ бол жаргал зовлон хоёрын дундуур хийх гэж хичээсэн бүтээл. Нөгөөтээгүүр, уг бүтээл бол Д.Нацагдоржийн бус, Д.Пагмадуламын тухай кино гэдгийг онцгойлж хэлмээр байгаа юм.
-Та хамгийн сайхан эмэгтэйчүүд, залуучуудаас илүү мэргэжлийн бөгөөд даруу төлөв авьяастнуудтай түлхүү ажилладаг шиг харагддаг. Энэ удаад л гэхэд А.Номин-Эрдэнэ ихэмсэг, бие даасан дүрээр тодроод ирлээ.
-Зохиол дахь дүрийг амилуулж чадах жүжигчнийг олох нь хэцүү ажил. Асар туршлагатай хүн сонгохоос илүү хэн үүнийг дүр болгож чадах вэ гэдэг нь чухал. Мэдээж мэргэжлийн байх хэрэгтэй. 150 гаруй үзэгдлийн 120 орчимд тоглоно гэдэг гол дүрийн жүжигчний хувьд том ачаа, хариуцлага. Түүхэн эмэгтэйн дүр учраас ерөнхий чиг шугамаа тодорхой болгох ёстой. Ялангуяа найруулагч жүжигчинтэйгээ найз мэт ярилцаж, тархинд бүрэлдсэн дүрээ тултал ойлгуулах нь чухал юм. Тэгж байж миний хүссэнд хүртэл тоглож, жүжигчний ур чадварынхаа нандин мэдрэмжийг дүрдээ шингээж чадна. Энэ нь авьяастай ч холбоотой.
Д.Нацагдоржийн дүрд ажилласан О.Мөнгөн-Очир гэдэг залуу бий. Маш энгийн. Бид зөндөө орилж, хашхирч тоглож ханалаа. Юм энгийн байх тусмаа хүмүүст ойр байна. Юуг ч гоёчлох шаардлагагүй. Нэр нүүртэй жүжигчнийг гол дүрд сонгох нь чухал биш. Шинэ залуу үеийнхэнтэй ажиллах нь найруулагчаас тодорхой ур чадвар шаарддаг. Ямартай ч жүжигчдээ өөрийнхөө хэмжээнд “тамгалчихлаа”.
-Нээлтийн үзвэрээс хойш олон л шүүмж өрнөлөө. Харин та үүнд “Би Д.Нацагдоржийн бус, Д.Пагмадуламын, бас эмэгтэй хүний тухай кино хийсэн” гэж хариулж байна. Гэхдээ энэ түүхийн салшгүй хэсэг нь тэдний яндашгүй их хайр нь. Зарим найруулга логик зөрчилтэй, илэрхийлэх санаагаа хөнгөн шүргээд л өнгөрсөн тал анзаарагдсан.
-“Д.Нацагдоржийг архичин шиг доройтууллаа”, “Их зохиолч хаачив” гэж зөндөө ярилаа. Найруулагч киногоо аль өнцгөөс харж хийхэд л гол учир нь байгаа юм. Тэд танилцаагүй бол ийм тавилан туулах байсан уу, үгүй юү. Тэгэхээр нэг талаараа энэ бол үйлийн үр. Нөгөөтээгүүр, Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг гэдгийг бид хангалттай мэднэ. Шүлгээр нь ч хүмүүжсэн. Гэхдээ аливаа зүйлд хэм хэмжээ гэж бий. Ер нь яагаад бүх зүйл нэг хүний сүүдэр шиг байх ёстой юм. Энэ бүтээлд Д.Нацагдоржийн хэсгийг жаахан л нэмчихвэл түүний тухай кино болчихно. Юм аль нэг тийш эргэхдээ маш амархан. Тэгэхээр Д.Пагмадулам Д.Нацагдоржийн сүүдэр болчих гээд байгаа биз. Тэр утгаараа би энэ эмэгтэйн хувь хүнийг хадгалахыг хичээсэн. Түүнээс биш Д.Нацагдоржийг үгүйсгээгүй. Тийм зохиолч, яруу найрагч дахиж төрөхөд хэцүү байх. Уран бүтээл хүн бүрд таалагдах албагүй. Гэхдээ шүүмжлэгчид голыг нь олж хэлдэг бол таатай байна. Шүүмжлэл, магтаал бүрд хариулаад явдаг хүн би биш. Би ажлаа 60 хувьтай хийлээ гэж хэлсэн дээ. 60 гэдэг бол 50 хувиас илүү гэсэн үг. Үүнийг ололт гэж харж байгаа. Киног үзэгчид Д.Пагмадуламыг олж харсан байна шүү дээ. Намайг юу гэж ч хэлж болно. Харин миний сүнслэг байдал, гүн ухаан минь байгаа оносон байна. Яригдаж байна гэдэг чинь би “Пагмадулам”-ыг хийснийхээ үр дүнг амсаж буй хэрэг. Ингэж асуусанд баярлалаа.
Би шинэ юм зохиолгүй, ул суурьтай бүтээл хийхийг хүссэн. Түүхийг шинээр бичиж, бас устгаж болно. Архивын баримтад Д.Пагмадуламыг хүүхэдгүй гэдэг ч “Энэ хүн манай эмээ байсан” гэдэг хүн бий. Тиймээс бид алтан дунджийг л барина шүү дээ. Түүхч, судлаач нар нэг үзэл баримтлалтай гэхэд тун эргэлзээтэй. Асуудлыг тус тусын өнцгөөс харж байдаг.
-Түүхэн намтарчилсан кинонд ажиллах нь найруулагчид том ачаа болох нь тодорхой. Үүний хүрээнд хоёр асуудал яригдана. Хэт уран сайханжуулсан, түүхийг гуйвуулсан зүйл үзүүлж болохгүй. Ялангуяа тус кинонд хувь эмэгтэйн намтраас гадна хэлмэгдүүлэлтийн хар барааныг ч өгүүлдэг шүү дээ. Тиймээс түүхэн хүнийг дэлгэцээр дамжуулж дахин хэлмэгдүүлэх вий гэх болгоомжлол байх нь зөв болов уу?
-Тэнэг хүн зоригтой гэдэг шиг зүйл болчихгүй юу. Зоригтой дуугарах ёстой ч хэм хэмжээндээ байх хэрэгтэй. Уран бүтээлч хүн түүхэнд байхгүй зүйлийг бий болгох нь доромжлол. Гэхдээ уран сайхны арга байх ёстой. Д.Пагмадуламын нэрийн хуудас болсон ганц зураг бий. Түүнийг хүмүүс янз янзаар л ярьдаг шүү дээ. Олон брэнд өмсчихсөн гэдэг ч юм уу. Нөгөөтээгүүр, үүнийг ил захидлын фото зураг гэдэг. Гэхдээ ил захидлын баримт сэлт байдаггүй. Судалгаа хийж байхад “Энэ яг Д.Пагмадулам мөн үү” гэх эргэлзээ гарсан үе ч байсан.
Түүнийг хар тамхи татдаг байсан, шоронд ороод тэмбүү туссан, хятад хүнтэй суусан гэх нь ч бий. Би үүнийг кинондоо оруулж болно. Ингэснээрээ гаж болчих юм биш. Хэрвээ тэгвэл намайг булшилна л даа. Учир нь бүтээл үнэ цэнтэй, зөвтгөлтэй байх ёстой. Магад тэрбээр тэнгэрээс хардаг бол баярлахаар зүйл хийсэн гэж хэлнэ. Би энэ киног өөрийнхөөрөө, танхай хашхирч хийлээ. Харин бүтээлд уран сайхны дүр бий болгож байж сайн хөрвүүлж чадна.
-Жишээ нь, Батын дүр шиг үү?
-Тийм. Амьдралд хайрын гурвалжин байдаг нь бичигдээгүй түүх. Хүн төрөлхтөн үүнийг зөвхөн Уильям Шекспирээр төсөөлдөг байж болох юм. Хүний амьдрал урьдаас бичигдсэн нэг л тойрогт өрнөдөг. Тэрнээс гажууд амьдардаг нь цөөхөн байх. Сод төрөгсөд их богино настай байдаг шиг. Ертөнц хүнд өгөгдөл өгдөг. Энэ бол маш том шагнал. Маш богино хугацаанд амьдарч, том амжилтад хүрээд зайл гэж байгаа мэт. Урт насалж буй хүмүүсийг үгүйсгээгүй л дээ. Киноны төгсгөлд “Намайг Пагмадулам гэдэг юм аа” гэдэг нь тэр чигтээ энэ киноны тунхаг. Миний амьдрал энэ шүү гэж байгаа хэрэг. Зохиолд бичигдээгүй 15-16 нэмэлт үзэгдэл авсан. Бичсэн бүх дүрсээ кинонд оруулах шаардлага байдаггүй. Тэгж байж кино илүү амьтай болно.
-Зарим уран бүтээлч шүүмжлэгчийг хүртэл “Энэ ер нь хэн юм бэ” гэж хардаг бололтой юм. Кино хийж байж киночдыг шүүмжлэх эрхтэй болдог юм биш. Үзэгчдэд бүтээлийн эцсийн үр дүн, чанар чухал болохоос бус, та бүхэн ямар зовлон туулж киногоо бүтээсэн нь төдийлөн хамаагүй л дээ.
-Би шүүмжид нэг ч удаа хариу өгч үзээгүй хүн. Уран бүтээлчдийн зовлон хэнд ч хамаагүй. Хүсэж хийж байгаа ажил нь шүү дээ.
-Тэгвэл яагаад ялархаад байдаг юм бол?
-Өчүүхэн байна. Тэр хэрээрээ хүнд олзлогдож байгаа хэрэг. Ундууцаж 10 хүнтэй хэрүүл хийх нь илүүдээ гарсан ажил. Киног театрын бүтээл шиг дараагийн удаа засах ямар ч боломжгүй. Нэг л агшин шүү дээ. Эго, амбиц хүнд хэрэгтэй ч хаана гаргах вэ гэдэг нь чухал. Доромжлуулж сур л даа, яасан эмзэг юм бэ. Хүмүүс бичиж байг л дээ. Нэг нь чимээгүй болчихоор хэрүүл зогсдог биз дээ.
-Гэхдээ тоохгүй орхих бус, авахаа авах ёстой.
-Тийм. Ер нь киноны уран бүтээлчдийг биш, найруулагчийг л хараах хэрэгтэй л дээ. Алдъя гэж кино хийдэг найруулагч байхгүй л байх. Уран бүтээлээрээ дамжуулж шударга үнэн амьдрах хэрэгтэй. Хүнд таалагдах гэж юм хийвэл үхэл рүүгээ ойртож байна л гэсэн үг.
-Д.Пагмадуламыг цагаатгасан бил үү. Энэ тухай шүүхийн шийдвэр олсонгүй.
-2019 оны гуравдугаар сард цагаатгах шийдвэр гаргасан. Түүхч, судлаач Х.Мэндсайхан нэлээд хөөцөлдсөн юм билээ.
-Та “Би өөрийнхөө хувьд тултал ажилласан учраас дараа нь хэн юу ч гэсэн хамаагүй” гэдэг хүн шиг. Заримдаа муу юм хийчихлээ дээ гэж хямардаггүй юу?
-Би үзэл бодлоосоо ухардаг хүн биш. Бүтээлүүдээ эргэж үзэхээр алдаа харагддаг ч шүүмжлэхээс илүү сайжруулахыг хичээдэг. Хэдэн сарын дараа “Пагмадулам”-аас алдаа олж харна, ойлгомжтой. Энэ чигээрээ би хэдэн нас хүртлээ сурахаа мэдэхгүй байна. Харин одоо нэг зүйл хэлчихье. Би одоо л кино хийж сурч байна даа.
-Уран бүтээлчид авьяасаас гадна сахилга бат, төлөвлөлт ч чухал байх?
-Маш олон уран бүтээлчтэй ажиллалаа. Янз янз л байдаг. Ямар ч ажил мэргэжлийн холбоонд хариуцлага хамгийн чухал.
-Кино зохиол бичих, бас бүтээл үзэгчдэд хүрсний дараах үе гэсэн өөр өөр цаг хугацаа, мэдрэмжээс аясаараа л шилжиж гарна гэдэг хэцүү байдаг уу?
-Кино бүр янз янзын хугацаанд хийгдэнэ. Энэ бүхэн дуусчихаар их эзгүйрчихдэг юм. Түүнээс ангижрахын тулд дараагийнхаа ажил руу бушуухан орох ёстой болов уу. Би “Пагмадулам”-ыг хийсэн гээд сар гаруй архи уугаад явалтай биш дээ. Нэг бүтээл гаргачхаад ханаж цадаад, дахиж амьдрахгүй юм шиг байж болохгүй. Үзэгчдийн хүлээлтийг ямар ч уран бүтээлч гүйцдэггүй тул хортой маркетинг, сурталчилгаа хийж өөрсдийгөө нулимдгаа болих л хэрэгтэй. Надад өөрийгөө рекламдах шаардлага алга.
-Та нэг ярилцлагадаа “Уран бүтээлээрээ дамжуулж ангижирдаг” гэсэн байна билээ. Юунаас тэр вэ?
-Нийгмийн асуудлыг илэрхийлдгээрээ дотоод сэтгэл минь зовлонгоос жаахан ч гэсэн ангижирдаг. “Улаан дөрвөлжин” гэж таван жил бодож зохиолыг бичсэн кино байгаа юм. “Пагмадулам” бол миний найруулсан дөрөв дэх түүхэн кино.
-Та жүжигчин, найруулагч гэсэн хос мэргэжилтэй шүү дээ. Заримдаа жүжигчдэдээ өөрөө жүжиглэж үзүүлдэг гэж сонссон.
-Би ийм зүйл хүсэж байна гээд үзүүлнэ. Үг, үйлдлийг биеийн хэлэмжтэй хослуулаад хэлчихсэн байхад болдог юм. Хамгийн чухал нь ойлгуулах.
-Сэтгэл зүйн драма, триллер төрлийн кино таны бүтээлүүдэд зонхилдог. Шалтгаан нь юу юм бэ?
-Найруулагч бүр бүх төрлөөр бүтээл хийж үзэх ёстой байх. Өөрийгөө олно. Надад драм их ойрхон байдаг юм. 10 настайдаа өнчин хоцорсон болоод ч тэр юм уу. Зовлонг жаахан ч гэсэн амссан учраас ойлгоход дөхөм байдаг болов уу. Би өөрийгөө олсон, эсэхээ сайн мэдэхгүй байна. Олох гэж хичээж яваа л нэгэн байх. Одоохондоо би инээдмийн кино хийгээгүй байна. Өнөө цагт бидний хийж байгаа инээдмийн кино бол туйлын эмгэнэл.
-Та кино шигээ зан чанартай гэж үү?
-Өөрийнхөө санааг кинондоо “наасан” учраас тэндээс би “уншигдах” байх. Чи анзаарсан бол “Пагмадулам”-д эмэгтэй хүний цог, гэрэлтэй нүд, дээшээ чиглэсэн харцны хэсэг их гарна. Нацаг, Пагма хоёр өөд өөдөөсөө харж уйлдаггүй. Нэгэндээ нулимсаа үзүүлдэггүй л дээ. Эрчүүд зовж болно. Харин найруулагчийн хувьд хэлэхэд, эмэгтэй хүн хэзээ ч зовох учиргүй.
-Тэгэхээр эрчүүдийг хэн хайрлах юм бэ?
-Юунд хайрлуулах гээд байдаг юм. Сайн эрэгтэй хүнийг хайрлана. Би ч нэг их сайн хүн биш л дээ. Хүнд хайрлагдах зүйл хийж байж л хайрлагдана. Эрэгтэй хүн өөрөө өөртөө гутарч л зовдог байх. Харин сэтгэл гундах үе гэж бий. Гэхдээ өөрийнхөө зовлонг өөрөө үүрэх ёстой. Би ийм л үзэл бодолтой хүн.
-Та ойрд хэр их монгол кино үзэж байна вэ?
-Үзэж амжихгүй л явна.
-Хувь уран бүтээлч багаа хэрхэн бүрдүүлэх нь тэдний шийдэх хэрэг. Гэхдээ муу зохиолоо Гавьяатуудаар халхалсан, гялс мөнгө олчихъё гэсэн киног манайхан үйлдвэрлээд байх шиг.
-Чиний хэлж буйгаар бодвол би “Пагмадулам”-ыг хийхдээ нэг ч “косметик” ашигласангүй. Бүтээлээ кинотеатрт гаргах болон IPTV-д оруулах хоёр нь 40-60 сая төгрөгийн зөрүүтэй. Бас кино контент гэх нэршил байна. Кино юм уу, контент юм уу. Хүмүүс кинотеатрт очихоо больсон нь уран бүтээлчидтэй л холбоотой. Сэтгэлгээний, үлдэцтэй бүтээл хийвэл энэ бүхэн аяндаа цэвэршинэ. Аливаа зүйлийг ингээд шүүмжлэхээр амьдрах гэж байгаа нэгнээ доромжилсон болдог. Гэхдээ хэлэхэд гэмгүй.
-“Би ер нь юуны төлөө кино хийгээд байсан юм бэ” гэж бодогддог үе бий юү?
-Тийм. Амьдралыг олон өнцгөөр тайлбарлахаас илүү “Яах гэж”, “Юуны тулд” гэж асуух нь аймшигтай.
-Одоо та ямар кино хийхийг хүсэж байна вэ?
-Тэрийг ярих нь илүүц. Юу ч болоогүй байхад баахан хөзөр нээгээд яах вэ. Сүртэй нууцлах юм байхгүй ч цаг нь ирэхээр харагдана. Би чимээгүйгээр бүтээхийг хүсдэг нэгэн. Бүтээл сайн, муу болохыг хэн ч таашгүй. Бүтээл туурвиж, олны “өгөөш” болж буйдаа туйлын баяртай байна. Дуугүй байвал харин ч гомдмоор шүү. Тэртэй, тэргүй миний морь эргэж ирэхгүйгээр давхисан. Эргэж ирэхгүй зүйлийн араас хөөцөлдөнө гэж байхгүй. Гурван сая монголчууд нэгнээ бага нулимж амьдармаар байна. Нэгнээ доромжилсоор байгаад доромжлох ч хүн олдохоо болилоо. Эцэстээ хоёр гүрэн рүүгээ орж байна шүү дээ. Хэр хэмжээндээ байх шиг сайхан зүйл байхгүй.