Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойд
Жалханз хутагт бээр Авралт ламд хаягласан захидалдаа “Мэй улсын хэдэн хүн Хүрээнд ирээд хутагт намайг хүлээлгэн байдаг хэмээлцмүй”, “Эдүгээ Хүрээнд явсан хүмүүс эрхбиш байдал төлөв юутай болох нь сонсогдох болов уу хэмээн санагалзан буй” гэх зэргээр бичсэнээс үзвэл тэрбээр америк хүмүүсийн тухай зүгээр ч нэг дурдаагүй хэмээн үзүүштэй. Учир нь тэрбээр Ерөнхий сайд болсны дараа Хүрээнд ирсэн, АНУ-аас Хаалганд сууж байсан консул Сокобин лугаа уулзсан байдаг билээ.
Үүнээс өмнө Жалханз хутагт Дамдинбазар 1921 оны намар Ардын засгийн газарт хандан өөрийн эрхэлж буй Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдын ажлаа хэрхэн явуулах талаар асууж, зөвшөөрөл авсан байдаг. 1921 оны аравдугаар сарын 17-ны Ардын Засгийн газрын хурлаас Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайд, Самади багш, Жалханз хутагт Дамдинбазарыг нийслэлд ирүүлж, Засгийн газрын чухал хэрэг зүйлийг зөвлөлдөн шийтгүүлэхээр тогтсон байна. Энэ тухай даруй Жалханз хутагтад мэдэгдсэн боловч тэрбээр яаран ирсэнгүй. 1921 оны арваннэгдүгээр сарын 14-нд Жалханз хутагтаас ийм нэгэн бичиг ирүүлжээ. “Мэдүүлэн явуулах учир, үүний урьд Дотоод яамнаас хутагт миний биеийг нийслэлийн Засгийн газрын чухал хэрэг зүйлээс зөвлөлцүүлэх учраа айлтгаад зарлиг ёсоор болгож дуудан ирсэн тухайд уул заасан болзооноо багталцан хүрч чадахгүй учрыг гаргаж, мэдүүлсэн бөлгөө. Эдүгээ уул тушаалын ёсоор өртөөлөн мордохыг завдан атал биед хуучин оршсон дээш огших зэрэг өвчин бүхий нь цагийн жихүүнд хөөрөн хөдөлж, энэ хэр хэрхэвч хангамжин явах аргагүй болсон учрыг гаргаж олдвоос Дотоод яамнаа өргөн мэдүүлээд гуйх нь уламжлан айлтгаж, эл албанд нэгэн удаа түр чөлөө олгуулж биеийг шаардан эмчлэн засуулж дараа цаг бага уриншихыг үзэж уг тушаалын газраа хүрч оносон албанаа зүтгэн дагаж явбаас болох ажаам уу” хэмээжээ. Энэ бол түүний хоёр дахь удаагаа Нийслэл хүрээнд ирэхийг татгалзсан бичиг байлаа.
Үүний дараа МАН-ын Төв хорооны анхны дарга, Сангийн явдлын яамны тэргүүн сайд С.Данзан өөрийн биеэр Жалханз хутагт лугаа очиж уулзан, учрыг сайтар таниулсны эцэст тэрбээр “тушаал хүлээх үл татгалзах” зөвшөөрөл өгчээ. Ерөнхий сайдын тушаалд тохоогдох талаар Жалханз хутагт өөрөө зөвшөөрсөн тухай Намын төв хорооны тэргүүлэгчдийн V хурал дээр ярьсныг тэмдэглэн үлдээсэн нь бий.
Ийнхүү удтал Ардын нам, Засгийн газар, Богд хаан цөм зөвшин хэлэлцэж, олноо өргөгдсөний XII он, Цагаан сарын шинийн гурван бөгөөд 1922 оны гуравдугаар сарын 3-нд “Орон гарсан Ерөнхий сайдын” тушаалд “урьд олноор сонгож баталсан” Жалханз хутагт Дамдинбазарыг “эрх биш итгэмж бат эрдэмтэн”, “улс төрийн засгийн хэргийг хөгжүүлэн бадруулж чадах” хүн хэмээн тохоон тавьж, даруй тушаан ирүүлэх явдлыг Засгийн газраас эрхлэн шийтгэхээр тогтсон байна. Шийдвэр гарснаас даруй сар гаруйн дараа тэрбээр Ерөнхий сайдын эрхэлсэн ажилдаа орсон байдаг. Чухамдаа Жалханз хутагт Дамдинбазар нь шашин номын суут эрдэмтэн, хутагт төдийгүй төр, түмэндээ хүндлэгдсэн, цагийн ороо бусгаа үед бүгдийг өөртөө үүрч гарах чадвартай нэгэн байсан тул ийнхүү түүнийг Ардын Засгийн газрын Ерөнхий сайдаар томилсон байна. Энэхүү томилгоо нь зөвлөлт засаг, Коминтерний бодлогыг сөрсөн, ард олныхоо эв нэгдлийг хангах, үндэс угсаа, шашнаа хамгаалах, Монголын өвөрмөц онцлогт тохирсон үндэсний ардчилсан чиг баримтлалын бодлого хэрэгжүүлэхийн тулд Богд хааны таалал, зарлигаар тохоон томилсон хэрэг байлаа. Ийнхүү тэрбээр 48 насандаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүний нэн хариуцлагатай үүргийг хоёр дахь удаагаа хүлээсэн юм.
Монгол Улсын Ардын Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Самади багш номун хан түгээмэл сайнтай гүжир хамба, номч мэргэн егүзэр бандид, чин сүжигт Жалханз хутагт Дамдинбазар олноо өргөгдсөний XII оны хоёр сарын шинийн хоёр, Европын 1922 оны дөрөвдүгээр сарын 29-нд гаргасан бичигтээ “үнэн байдал, учир, аглаг хязгаарт оршдог язгуур үндэсний чухам холбогдолд олон ах, дүү нарыг даруй олж мэдэхэд маш бэрх тул бидний Монголын олон түмэн ард ихэд зовохын дээр Дамбинбазар нь олны санааг дагаж Монгол Улсын Ардын Засгийн газрын Ерөнхий сайдын үүргийг хүлээсэн” хэмээн өөрийн албан тушаал хүлээн авсан тухайгаа тэмдэглэж, “биед хамаагүй мэт болгон дув дуугүй сууж нэн ч үл түвдэх учир” хэмээн “хил хязгаарын сайдуудад” албан бичиг илгээж байжээ.
Тэрбээр шашин номын хэрэгт бүхий л амьдралаа зориулсан хувраг хүн тул нийт монголчуудын үндэсний эрх ашгийг хамгаалахын төлөө ямагт тууштай байсан билээ. Энэ тухайгаа тэрбээр “Дамдинбазар би ...олон түмэн ард юугаа гашуун зовлонгоос ангижруулан, газар орноо тохинуулан тогтоож, ардын эрхтэй улсын засгийг байгуулан олон түмэн ардад чөлөө эрхийг олгож, бүгдээр нэгэн сэтгэл нийтийн хүчээр улс төр ба шашин үндсээ үүрд батлан хамгаалахыг гол зорилт болгож буй” хэмээн тэмдэглэж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан үйл явдлыг “бидний Монголын шарын шашин юугаа улмаар дэлгэрүүлэн язгуур үндсээ өнөд батлан хамгаалж болох, түмэн он дор олдохуйяа маш бэрх гайхамшигтай сайн замыг олсон хэмээвээс зохино” гэсэн бий.
Жалханз хутагт Ерөнхий сайдаар томилогдон ажилласнаасаа хойш нэгэн жил болоод байхдаа Ардын Засгийн газрын шийтгэн явуулсан элдэв хэргийн дотор шарын шашин ба олон түмэн ардад хорлол бүхий зүйл огт гаргасангүйг лавтайяа мэднэ, аливаа алба татварыг хасаж хорогдуулан олон түмэн ардын хүнд үүргийг тэгшитгэн хөнгөтгөхийг зүйл зүйлээр хичээн зүтгэж бүхий хэмээн хэлсэн нь хэмжээт цаазат Засгийн газрын тэргүүний хувьд олон монголчуудынхаа эрх ашгийн төлөө хэмээсэн бодлого баримтлахыг хичээж буйгаа илэрхийлсэн хэрэг байв.
Жалханз хутагт Дамдинбазарыг Ерөнхий сайд байхад 1922 онд Засгийн газраас шийдвэр гаргаж, тус улсын хүн, ам, хөрөнгө малын тооллого явуулсан. Энэ нь төрийн оновчтой шийдвэр гаргахад тус дэм үзүүлсэн төдийгүй түүх, соёлын уламжлалыг харуулсан баримт болон үлдсэн.
Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар ард олны эв эеийг сахихын чухлыг сануулан гаргасан нэгэн ухуулах бичигтээ ард хэмээх үгийн утгыг ийнхүү тайлбарлажээ. Тэрээр “эрхэм доорд баян, үгээгүй хэн боловч улсын ард хэмээх нэгэн үсэг дор багтсан”, бас “нам хэмээгч олон хүн санаа зорилтыг нэгтгэн эвлэснийг өгүүлсэн ба олон хүн эв нийлбээс бүтээн үл чадах үйлс мөн нэгээхнээр үгүйг хэн ч болов мэдвээс зохино” гэсэн байна. Чухамдаа Богд хаан, Жалханз хутагт нарыг таалал болсны дараа зөвлөлт засаг, Коминтерний заавраар 1924 онд Монгол ардын намын III их хурал, Улсын анхдугаар их хурлаас баталсан Үндсэн хуульд ард олноо ангичлан ялгаварлаж, нэг талаас ноёд, тайж, дээд лам байсан хүмүүс, нөгөө талаас жинхэнэ ард хэмээн хувааж, хуульчлан, өөр хооронд нь сөргөлдүүлэх, хагалан бутаргах бодлого явагдсан билээ.
Жалханз хутагт Дамдинбазарын удаа дараагийн гаргасан ухуулах бичиг, хэлсэн үгээс энэ үед Богд хаан, Жалханз хутагт тэргүүтэй үндэсний эх орончид юуны өмнө эв нэгдэлтэй байж, өвөрмөц онцлогоо хадгалсан, улс, үндэснийхээ эрх ашиг, шашин тэргүүтнээ дээдэлсэн бодлого явуулахыг эрмэлзэж байсныг харж болно.
Тухайн үед “дээдэс, доорд, баялаг үгээгүй” хэмээн ялгаварлан үзэхгүй, бүгдээр эв нийлж нэгэн сэтгэл нийтийн хүчээр хичээн зүтгэхийг эрхэмлэн улс төрийн их, бага элдэв хэргийг олноор шүүмжлэн хэлэлцэж таслан явуулж бүхий нь Жалханз хутагтын хэлсэнчлэн “номын ёсон ба ертөнцийн байдалд” тавтай нийлэлцэж байлаа.
Жалханз хутагт Дамдинбазар Ерөнхий сайдын албыг нэг жил гаруй хугацаанд хашихдаа ардын эрхт хэмжээт цаазат улсын Үндсэн хуулийг боловсруулах комисс байгуулах, хүн, малын эмнэлэг байгуулах, эмс охид хар тамхи татахыг цаазалсан хууль дүрэм тогтоох, Зөвлөлт Орос Улстай худалдааны гэрээ байгуулах, алт мөнгөний уурхай нээлгэхээр Германаас эрдэмтэн урин ирүүлэх, АНУ-ын Рой Чэпмэн Эндрюсийн экспедицийн ажиллагаанд тус дэм үзүүлэх зэрэг дотоод, гадаадын олон асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцож байжээ. Тэрбээр аливаа асуудалд голч, ноён нуруутай ханддаг, аван саван хэн хүний саналд хөтлөгддөггүй, өөрийн бодолтой нэгэн байж. Иймээс тухай үеийн төрийн дээд албан тушаалтнуудаас бараг ганцаараа МАН-д элсээгүй байсан нь маш сонин тохиолдол юм. Түүний шавьд хүртэл нэлээд хойно намын үүр (1923 оны тавдугаар сард) байгуулагдсан. Үүнийг нь аргагүй эрхэд автаж, дарамт шахалт дунд байгуулсан хэмээн үзэж болох биз ээ.
Монголын төрд хоёр удаа Ерөнхий сайдын үүргийг хашсан Жалханз хутагт Дамдинбазарын амьдрал, үйл ажиллагааны талаар товч өгүүлэхэд ийм буюу. Тэрбээр Ардын Засгийн газрын Ерөнхий сайдын хүнд үүргийг хүлээсний тул улс орны аливаа асуудалд “дув дуугүй суусаар улсын хэргийг саатуулахад хүргүүлбээс энэ хойтод хүнд холбогдол” болно хэмээсэн үүднээс хандаж байлаа.
Олноо өргөгдсөний XII оны дөрвөн сарын 25, аргын зургаадугаар сарын 20-ны Монгол Ардын Засгийн газрын бичигт “байцааваас ноднин жил таван сард манай Дотоод яамнаас харгис гамингийн эзэрхэгт элдэв хилс мушгихаар тушаах, тулгах асуугдах зэргээр дарлагдаж онц зүдгүүрлийг хүлээсэн Жалханз хутагт Дамдинбазарт Чин сүжигт цол, Нийслэл хүрээний эрдэнэ шанзодба Дашжавт Чин вангийн зэрэг шагнасан тухай” тэмдэглэсэн байна. Чингэхдээ Бароны үед шагнагдсан элдэв цол, хэргэм, зэргийг тусгай комисс гарган ардын засгаас устгасан боловч дээр нэр бүхий хоёр хүнд олгосон зэргийг хэвээр үлдээхээр тогтоосон нь нэгийг өгүүлж буй хэмээн санана.
Монгол Ардын Засгийн газрын Ерөнхий сайд, Самади багш Жалханз хутагт Дамдинбазар бээр 1923 оны зургаадугаар сарын 23-нд таалал болжээ. Тэрбээр таалал болохын өмнөхөн гэрээслэл үлдээсэн байх бөгөөд түүнд өгүүлэхдээ “Хутагт би болбоос ...шашин номын хурлыг мөнхлөн тогтоож, Халхын аймгийн хан, ван, хутагт хувилгаад, ноёд дараалан шар, хар олноор сүслэн биширч, өргөн хүндэлж номын барилдлага үйлдэж багш шавь болсон нь хүнд зузаан. Үүнийг эрхэлж лам гурван эрдэнийг өрнөөн дэлгэрүүлж Очир дар Богд хааны төрийг төвшлөн бататгаж, олон амьтны хамаг сайн болох тусыг үргэлжлэн санаж, өөрийн биеийн алжаан зовох зүдэхийг хэрэгссэнгүй, дайсан цэргийн өмнөөс одож сөнөөн даралцаж явалцсан нь болбол нэгэнт багш эзэн хааны зарлигийг дагаж шажин төрийг төвшитгөх, олон шавь нар, нийгмийн амрах жаргахыг эрхэлсэн хэргийн төлөө мөөн.... Санамсаргүй бурхны зарлигийн учир шалтгаан бүрдэж, тэнгэрээс заяасан хугацаа гүйцэж, санаагаар үл болох сансрын жам сайн, муу, дээд, доордыг ялгахгүй орчлонгийн ёс, ээлжлэн нөгчиж, эргэж төрдөг тогтоол бүхий нь үнэн аргагүй, бошгыг халж, орчлонгийн мөнх бусыг илэрхийлэхийг үзүүлэх нэгэнт очир завиллаар болбай. Болсон нь гагцхүү над ирсэн нь биш. Бурхны гэгээнээс эхлэн хувилгаад бүхийлэнд нийгэм тохиолдох учраа, бэрх үйлийг эрдэмтэн, мэргэд, шавь нар минь ариун сэтгэлээр толилж, гомдох уйлах, гаслах зэрэг мууг нэгээхэн бээр үйлдэхгүй, ийм илэрхий бэрх ёс, үйлийн үрийг номлосон лам итгэл, багш шавийн итгэмжлэл учрыг мэдэх шавь нар, мэддэггүйнүүдэд сурган хэлж ухуулан хориглож зогсоох ба маани, мэгзэм, ерөөл хурж, бурханд мөргөж, буян үйлдэж, хурал ном, шажнаан дэлгэрүүлж, хойтох шинэ дүрийг шимтэж, даруйгаар тодруулан ширээнээ залж, багш, шавийн үндсийг залгамжлуулж, барилдаж төрсөн ач буяны хүнд их ёслолыг гүйцэтгэж хүндэтгэхүй ину сургаалын эрхэм утга энэ бөлгөө”, “Хутагт миний үүрдийн алдар нэрийг гутааж, ойрын элэглэл, холын сонсголонд үнэхээр зовинохуйг цээрлэвээс зохих харштай явдал үүнийг чангалан хоригсож тушааж ухуулъя. Хянаж хичээж сэрэмжлэх зүйл энэ нэгэн болай” хэмээн эрдэмтэн шавь нартаа хандан гэрээслэн үлдээсэн байна.
“Хоосон үг болгон хөнгөнд үзээд, хоёр насанд мууг эдэлж тамд унах үйлийг битгий удирдагтун. Бүү зөрчигтүн. Тунгалаг тэнгэрийн агаараас тустай номын рашааныг хүртээх цагт багш ламыг өргөн хүндлэх ба шажин эрдэнээ туслан дэлгэрүүлж, тус тусдаа таалсан ёсоор гүйцэлдүүлэхийг нэн эрхэм болгон гэрээсэлж, үүний тул бичгээр ухуулан тушаав. Залбирсан буяны ачаар Чойжин номун шүтээн, баатар дагинас, номун сахиулсан авран өршөөж нигүүлсэн толилж өлзий хутаг оршибай. Ума сарваа мангаалам” хэмээн эрдэмт хүмүүний олон монголчууд хийгээд шавь олондоо хандсан ухаант үгс байв.
Тэрбээр гэрээслэлдээ өөрийнхөө хойд дүрийг тодруулан, шавь нарыгаа өөрийгөө мэтээр хүндлэн шүтэж, шашин номоо цаг ямагт дээдлэхийн чухлыг захисан байна. Тиймээс “Монголын шашны олон зүтгэлтэн, хутагт хувилгаад, түүний шавь нар хамтран Жалханз хутагтын хойд дүрийг тодруулж залахыг хүсэж, Ардын Засгийн газар, Шашны хэрэг эрхлэх газарт Хантайшир уулын аймгийн Өлзийт, Баянзүрх уулын хошууны харьяат хүрээний хамба, цорж, мэдээчин нараас Самади багш Жалханз хутагт Дамдинбазарын хойд дүрийн хувилгааныг олж тавихыг оролдон, газар газар сурвалжлан эрж, олсон шинж билиг төгөлдөр хэдэн хөвгүүний нэрсийг Товуудорж, Ванчиг, Дашхүү нарт авхуулан Банчин эрдэнэ гэгээнд бараалхуулан айлтгаж, заалган олж тавихыг машид хүсэцгээнэ хэмээн мэдүүлэн ирсэн тул хэрхэхийг зааж өгнө үү” хэмээн Ерөнхий сайд Б.Цэрэндоржоос Намын төв хороонд хандсан байна. Тухайн үед VIII Богд Жавзандамба хутагтын хувилгаан дүрийн асуудлыг бас лам нараас засаг, Намын төв хороонд хандан тавьж байсан юм. Харин төр засгийн тухайд 1924 онд хуралдсан МАХН-ын III их хурал, БНМАУ-ын анхдугаар их хурлаас хаант засаг Монголд тогтоохгүй, бүгд найрамдах засаг тогтоосон тул цаашид шашны хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулахгүй байх чиглэл баримталж байв. Тиймээс Богд Жавзандамба хутагтын хойд дүрийн хувилгааныг тодруулах асуудлыг Далай ламаас асуулгахаар Гомбо-идшин тэргүүтэй төлөөлөгчид томилж, ард олон, лам нар, сүсэгтэн олны саналыг харгалзаж буй дүр эсгэж, цаг хожих тактик хэрэглэж байлаа. Ингээд 1928 оны МАХН-ын VII, Улсын V их хурлаас Монголд хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулахгүй байх шийдвэр гаргасан нь 1990 онтой залгасан. Улмаар 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулиар хүний эрх зөрчсөн аливаа шийдвэрүүдийг хүчингүй болгосон юм. Ардчилсан Монгол Улсад шүтэх эрх чөлөөтэй болж, сүсэг бишрэлтэй монголчууд, лам хуврагууд Жалханз хутагтын хойд дүрийг эдүгээ тодруулан залж буй билээ.
Ийнхүү түүхийн тодорхой хугацаанд Монголын төрийн Ерөнхий сайд хэмээх хүндтэй нэрийг хүлээж байхдаа Жалханз хутагт Дамдинбазар төр, түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хэмээсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, төр улс, шашин үндэснийхээ төлөө бүхнээ зориулсан эрдэмт мэргэн төрийн түшээ, хойч үедээ хүндлэгдсэн төр, шашны нэрт зүтгэлтэн байсан бөлгөө.
Төрийн шагналт, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан
Өмнөх цувралыг ЭНД дарж уншина уу