Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2024” энэ сарын 31-нд Улсын филармонид болох аж. Зохион байгуулагч нь “Виртүс” академи бөгөөд 21 дэх жилдээ үзэгчдэд хүргэж байна.
“Виртүс” академийн зүгээс уг тоглолтыг гол нь өсвөрийн болон залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор явуулахдаа үзэгчдийн сонгодог хөгжмийн талаарх ойлголт, мэдлэгийг тэлэх, танин мэдэхүйд нь нэмэр болохыг эрхэмлэдэг аж. Энэ үүднээс гала тоглолтод үндэсний болон сонгодог хөгжмийн зэмсгээр хичээллэдэг, тоглодог уран бүтээлчдээс нэг, нэгийг сонгож оролцуулах зарчим баримталдаг юм билээ.
Харин энэ жил МУК-ийн оюутан Д.Зөөлөнсий, А.Хантөр гэсэн хоёр залуу виолончельчийг урьснаар онцлог. Тэд тус сургуулийн багш, Морин хуурын чуулгын хөгжимчин Д.Адъяабазарын шавь. Залуу хөгжимчин тус бүр сурлага, уран бүтээлийн өндөр амжилттай байгаа учраас хоёуланг нь тоглуулах болсон байна.
Оюутан Д.Зөөлөнсий 2024 онд Испани улсын, “Beyond the music” уралдааны I байрын эзэн. АНУ-ын, “Крешендо” уралдааны I, II байрын шагналт. ОХУ-ын “Найдал” уралдаанд амжилттай оролцсон. БНЧУ-ын, Хераны нэрэмжит, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдаан тус бүрт тусгай байр эзэлсэн. ОХУ-ын, О.Л.Лундстермийн нэрэмжит фестиваль, мастер класс, оркестрын тоглолтод амжилттай оролцсон.
Тэрбээр “Virtuoso Gala Concert-2024”-д Унгарын нэрт хөгжмийн зохиолч Д.Попперын “Унгар рапсоди” тоглох аж. Уг бүтээлээс унгар ардын дуу хуурын өнгө, бүжгийн хэмнэлийг мэдэрнэ. Дэлхийн хөгжмийн түүхэн дэх “унгар рапсоди” хэмээх байр суурийг ч энэхүү рапсоди илтгэдэг байна.
Залуу виолончельч А.Хантөр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдааны тусгай, ОХУ-ын “Найдал” олон улсын уралдааны III байрын эзэн. Франц улсад зохион байгуулсан 29 дэх удаагийн “Flame compititoin”-ы II байрын шагналт. 2023 онд БНЧУ-д болсон Хераны нэрэмжит олон улсын 28 дугаар уралдаанд тусгай байр эзэлсэн. МУК-оос зохион байгуулсан “Талант” олон улсын уралдаанд 2022 онд III, 2024 онд тэргүүн байр эзэлсэн.
А.Хантөр Австрийн суут хөгжмийн зохиолч Й.Гайдны виолончельд зориулсан концерт (C-dur)-ын I ангийг тоглоно. Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд Венийн сонгодог дэг жаягийг бий болгосон гурван хөгжмийн зохиолчийн нэг түүний уран бүтээлээс сонгодог хэмээх ойлголтыг мэдрэх боломжтой.