Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлж буй. Дэлхий дахинд жилд 17 сая хүн тархины цус харвалтаар өвчилж, 6.5 сая нь нас бардаг аж. Харин 26 сая иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Манай улсад жил ирэх тусам тархины цус харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Энэ талаар өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгсөн юм.
Дэлхийн харвалтын байгууллагаас эл өдрийг “Харвалтгүй амьдралыг сонгоё” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Харвалтын шинжүүдийг иргэд нийтээрээ мэддэг байх, илэрсэн үед тусламж, үйлчилгээ цаг алдалгүй авснаар өөрийн болон өрөөлийн амийг аврах гол арга гэдгийг энэхүү уриалгаар дамжуулан сануулжээ. Шинж тэмдгийг нь мэддэг байвал цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж, амь эрсдэхээс сэргийлэх боломжтой гэнэ. Тодруулбал, тархинд цус харвасны дараа эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх, шинж тэмдгүүдийг эрт таньснаар эмнэлгийн тусламжийг яаралтай авах нь чухал гэсэн үг. Энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах гол арга хэмээн тус байгууллагаас зарласан юм.
Монгол Улс тархинд цус харвах өвчлөл, тархалт, эрсдэлт хүчин зүйлээр өндөр орны тоонд багтаж буйг ДЭМБ-аас аль 2008 онд мэдэгдсэн билээ. Манай улс зүрх, судасны өвчлөлийн тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг. Энэ оны эхний арван сарын байдлаар зүрх, судасны өвчнөөр нийт 322 687 хүн өвчилжээ. Тэдний 208 615 нь эмэгтэйчүүд аж. Гэхдээ тархинд цус харвасан өвчтөний олонх нь эрчүүд гэнэ. Тухайлбал, улсын хэмжээнд зүрх, судасны төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын төвд жилд 900-1200 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг юм байна. Өнгөрсөн онд 941 хүн хэвтэн эмчлүүлсэн аж. Энэ талаар тус төвийн эрхлэгч Г.Байгалмаа “Манай эмнэлэг нийслэл, орон нутгийн бүх иргэнд үйлчилдэг. Ихэвчлэн 72 цагийн дотор яаралтай тусламж шаардлагатай хүнд хэлбэрийн харвасан хүмүүс ирж тусламж авч байна. Сүүлийн жилүүдэд залуус тархинд цус харвах өвчнөөр эмнэлэгт хандах нь түгээмэл болжээ. 2000 оны үед өвчилсөн хүмүүсийн олонх нь 70-аас дээш настай байв. Харин одоо харвасан нийт өвчтөний 20-30 хувь нь 50-иас доош насныхан. Жил бүрийн статистик мэдээнээс харахад харвасан иргэдийн олонх нь эрчүүд хэвээрээ байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд харвах тохиолдол цөөнгүй болсон” гэв. Мөн тэрбээр даралт ихсэх нь тархинд цус харвах хамгийн гол шалтгаан гэдгийг онцолсон юм. Тиймээс даралтаа тогтмол хянаж, ихэссэн тохиолдолд эмчийн зааврын дагуу эм уух шаардлагатайг дуулгав. Артерийн даралт 120/80 байхыг хэвийн гэж үздэг. Хэрэв дээд даралт 130, доод даралт 90-ээс дээш байвал эмчид үзүүлж, өөрт тохирсон эм уух хэрэгтэйг Г.Байгалмаа эмч анхааруулсан. Гэхдээ зөвхөн даралт ихэссэн үед л эм уух нь буруу гэдгийг тэрбээр хэлсэн. Даралт ихсэх өвчин гэсэн оноштой л бол өөрт тохирсон эмийг тогтмол уухыг зөвлөлөө. Ингэхдээ даралтаа долоо хоногоос нэг сарын хугацаанд өглөө, өдөр, орой гурван удаа хянаж, тэмдэглэл хөтлөх нь зүйтэй гэнэ. Ингэснээр даралт ихсэж буй, эсэхийг бодитоор дүгнэх боломжтой аж. Аль болох тайван үедээ даралтаа үзэх нь буруу хариу гарахаас сэргийлдэг байна. Тодруулбал, сэтгэл санаа тайван, стрессгүй, давсагт шээсгүй үедээ даралтаа хэмжвэл зөв хариу гарахыг эмч нар хэллээ. Гүйх, шатаар алхсаны дараа буюу зүрх ачаалсан үед даралтаа үзвэл хэмжээ нь өндөр гарах нь ойлгомжтой. Тиймээс даралтаа зөв хэмжиж сурах нь чухал юм. Жирэмсэн болон бусад өвчний үед даралт түр зуур ихсэж болох бөгөөд ийм тохиолдолд эм уух шаардлагагүй аж. Даралт ихэссэн үед толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болох ч зарим хүн ямар ч зовуурьгүй байдаг гэнэ. Тиймээс даралтаа тогтмол хэмжих нь тархинд цус харвахаас сэргийлэх нэг арга байх нь. Мөн зүрх, судасны өвчний хүндрэл нь тархины харвалтаар илэрдэг байна. Давс, өөх тосны хэрэглээ өндөр, хөдөлгөөний дутагдалтай, чихрийн шижин өвчинтэй хүмүүст эл эрсдэл байсаар.
Хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлтэй өвчний хоёрдугаарт тархины цус харвалт бичигддэг. Сүүлийн үед техник технологийн хөгжил, эрт илрүүлгийн ачаар олон улсад гуравдугаарт эрэмбэлэгдэх болжээ. Тархины цусан хангамж их хэмжээгээр багасах, эсвэл зогсох, түүнээс үүдэн тархинд очих хүчилтөрөгч болон шим тэжээлийн хэмжээ огцом буурахад цус харвалт үүсдэг гэж үздэг. Харваснаас хэдхэн минутын дотор тархины эсүүд үхжиж эхэлдэг байна. Тархинд цус харвах нь маш аюултай учир харвалт өгсөн даруйд түргэн тусламж дуудах шаардлагатай юм.
Ямар шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандах вэ. Ярих болон хүний яриаг ойлгоход бэрхшээлтэй байх, толгой эргэх, юу болж буйг сайн ойлгохгүй, гацаж, түгдрэх, нүүр, гар, хөл бадайрч мэдээ алдах, хоёр гараа зэрэг өргөхөд нэг нь хүчгүй болж, доош унавал харвалт өгч байгаагийн шинж тэмдэг гэж үздэг. Мөн инээмсэглэхэд уруулын нэг тал унжих, харахад бэрхшээлтэй болох, нүд жирэлзэх, харанхуйлах, толгой эргэх, гэнэт хүчтэй өвдөх, бөөлжих, ухаан алдах, алхаж чадахгүй болох гэх мэт шинж илэрвэл эмчид хандах шаарлагатай. Энэ эрсдэл ямар хүмүүст илүү байна вэ. Илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдалтай, архи, тамхи, кокаины агууламжтай эм, тариа ихээр хэрэглэдэг, цусны даралт байнга 120/80-аас өндөр, холестрины хэмжээ их, чихрийн шижинтэй, нойргүйтдэг, зүрхний хэм тогтворгүй, хавхлагын гажиг зэрэг өвчинтэй, зүрхний шигдээс болж байсан бол эрсдэлтэй бүлэгт багтдаг юм. Мөн 55-аас дээш настай эрэгтэй хүн бол эл өвчнөөр өвчлөх магадлал өндөр гэж үздэг аж. Тиймээс эл өвчнөөс урьдчилан сэргийлэх нь нэн чухал. Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр буюу өнөөдөр УГТЭ-ийнхэн 10.00-12.00 цагт иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулж, тархинд цус харвах эрсдэл бий, эсэхийг үнэлэх юм байна.