Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос “Хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын баталгаа” нэртэй тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд энэ сарын 3-нд зохион байгуулсан билээ. Тэд “Эрүүл мэндийн салбарыг төр засаг онцгой анхаар”, “Гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцооны гажуудлыг засъя”, “Шөнийн цагийн нэмэгдлийг хуулийн дагуу олго”, “Цалин нэм”, “Салбарын тогтолцоог шинэчилье” гэх лоозон барьж, эрх баригчдад тодорхой шаардлагуудыг хүргүүлснээ зарласан. Тэгвэл тус холбооноос өнгөрсөн баасан гарагт дахин хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өгөв. МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа “Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудыг гүйцэтгэлээр нь цалинжуулдаг болсноос хойш хэд хэдэн удаа цалин, урамшууллыг нь тасалдуулж байсан. Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон. Тиймээс эл асуудлыг салбар дотроо шийдэх ямар ч боломжгүй. Үүнд төрийн нэгдсэн бодлого, оролцоо зайшгүй шаардлагатай байна. Санхүүжилтийн системийг өөрчлөх, даатгалын сангаас өнгөрсөн хугацаанд алдагдсан мөнгөнүүдийг буцаан байршуулах, төрөөс хариуцан төлдөг даатгуулагчдын шимтгэлийг гурван хувь болгон нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авч, эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, эмч, ажилтнуудын цалинг цагт нь тавих хэрэгтэй” гэсэн юм.
МЭМАҮЭХ-ныхон УИХ-ын 126 гишүүнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг засах, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, дүрэм журмыг шинэчлэх, үндсэн цалинг 50 хувиар нэмэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг цогцоор нь шийдэх, ажлын хувцасны зардлыг төсөвт тусгаж өгөхийг хүссэн албан бичгийг өнгөрсөн сарын 30-нд хүргүүлжээ. Үүний хариуг дээрх хэвлэлийн хурлын дараа УИХ-ын гишүүдээс ирүүлсэн аж. Эхний ээлжид ямартай ч холбогдох асуудлаар санал солилцож, холбооны зүгээс шаардлагатай судалгаа, мэдээллээр ханган ажиллахаар болсон гэв.
О.УНДРАХ