Улсын эх дагина Дондовдулам хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд өнгөрсөн баасан гарагт нээлээ. Хатны шашны болон төрийн ёслолын өмсгөл, эдлэл хэрэглэл, ордны урчуудын бүтээлүүдийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Тухайлбал, Богд хааны ордны урчууд ХХ зууны эхэн үед зэс, торго, утас, яс, шүр, оюу, мөнгөөр бүтээсэн, хатны титэм, эрихийг олон нийтэд толилуулж байна. Хатны хөрөг зургууд, өмсөж, эдэлж хэрэглэж байсан олон эд зүйлээс бүрдүүлсэн уг үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.
Улсын эх дагина 1874 оны намрын адаг сарын 15-нд мэндэлжээ. Хатныг бага залууд нь Дунгаа гэж дууддаг байж. Дээрх үзэсгэлэнг нээсэнтэй холбоотойгоор Богд хааны ордон музейнхэн хатны нэрийг Дондогдулам бус, Дондовдулам хэмээн нэрлэж занших нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Няммягмар үүний утга учрын талаар “Төвөд хэл болон монгол бичгээр бичсэн сурвалжид Улсын эх дагиныг Дондовлхам гэж нэрлэжээ. Гэтэл 1940-өөд онд зохиолч Д.Намдаг “Цаг төрийн үймээн” романдаа кирилл үсгээр анх Дондогдулам гэж бичсэнээр ард түмний дунд энэ нэр түгэн дэлгэрчээ. Дондүг гэсэн төвөд үг нь зургаан нүүрт гэсэн Махешвар тэнгэрийн ёгт нэр. Тиймээс хатныг ингэж нэрлэх үндэсгүй юм. Иймээс нэгхэн үсгийн зөрүү мэт боловч утга огт өөр тул одоо цагт Дондовдулам гэж хэлж, бичиж занших нь зөв гэсэн санал дэвшүүлж байна” гэв.
Дондовдулам хатан 1896 оны үеэс Богдын өргөөнд ирж, ордны ёс журам, дэг жаягт суралцжээ. Эх дагинын нэр хүндийг алдаршуулахын тулд 1903 онд Эх дагинын аймаг байгуулсан түүхтэй аж. Тэрбээр Их хүрээнд 120 гаруй урчуудыг цуглуулан, Богдын ордны дэргэдэх Сангай урчуудын аймгийг удирдаж байсан аж. 1911 онд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хатан Дондовдуламыг “Шашин төрийг хослон өрнүүлэгч, чин үнэн сүжигт, тус ачлалт, тунгалаг чандмань, далай дайчин ялгуусан дагина, Эрх цагаан дара, Эрдэнэ сэцэн ноён, айлдал энэрлийн эзэн гурван орны дагинасын эрхэмтэн, Улсын эх дагинын гэгээнтэн” хэмээн өргөмжилсөн байна. Тэрбээр 1923 оны тавдугаар сард 49 насандаа таалал төгсжээ.