Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк хамтран гишүүн орнуудын хооронд туршлага, мэдээлэл солилцох форумыг зохион байгууллаа. Нийгмийн хамгааллын олон улсын форумд Монголоос гадна Азербайжан, Индонез, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг орны зочид төлөөлөгч оролцож, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн төлөвлөгөө, хэрэгжилт, үр дүнг сайжруулах талаар санал солилцсон байна.
Тодруулбал, ядуурал, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээлд гарах боломж, нийгмийн халамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэлэлцжээ. Тухайлбал, хүн амын хамгийн эмзэг хэсгийг тодорхойлох арга, орлогыг орлуулан тооцох аргачлал болон олон нийтэд түшиглэн зорилтот бүлгийг тодорхойлж судлах юм байна. Мөн хурлын үеэр Индонез, Пакистан, Узбекистанд ашиглаж буй нийгмийн хамгааллын хөтөлбөрийн өөр өөр арга аргачлалыг онцолж танилцуулсан юм.
Харин өнөөдөр манай улсад хэрэгжүүлж буй “Хүнсний эрхийн бичиг”, Пакистаны “Орлогыг дэмжих” болон Филиппиний “Тэг өлсгөлөн” гэх хөтөлбөрийн талаар танилцуулах гэнэ. Түүнчлэн эмзэг бүлгийн иргэдийг ядуурлаас гаргах, мэргэжлийн ур чадвар олгож, өрхийн бизнест нь туслах төслийг хэрэгжүүлж буй аж. Эл төсөлд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1200 гаруй өрхийг хамруулжээ. Хамрагдсан өрхийн 70 орчим хувь нь тодорхой хэмжээний орлоготой болсон байна.