ОУХМ Д.Баттулга Монголын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж буй. Түүнийг цанын хорхойтнууд, спортын хүрээллийнхэн улсын шигшээ багийн тамирчин байх үеэс нь мэднэ. Канадын Калгари хотод 1988 онд зохион байгуулсан өвлийн олимпод оролцож, амжилтынхаа гарааг эхлүүлсэн тэрбээр дараа жил нь Францад болсон гүйлтийн цанын олон улсын тэмцээний 10 км-ийн зайд мөнгөн медаль хүртсэн юм. Японыг 1990 онд мөн л багийнхантайгаа зорьж, Саппоро хотод болсон Азийн өвлийн спортын наадамд дасгалжуулагч Ж.Дашдэлгэрийн удирдлагад өрсөлдөж, хүрэл медальтай ирж байв. Өдгөө түүний удирдлагад бэлтгэл хийсэн шавь нар нь өвлийн олимп, ДАШТ-д тив, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах болов. Тухайлбал, ОХУ-д болсон “Сочи-2014” өвлийн олимпын 22 дахь удаагийн наадам, БНСУ-д зохион байгуулсан “Канвон-2024” залуучуудын өвлийн IV олимпод хурд сорьсон юм. Тэгвэл дасгалжуулагчийн хувьд Италид 2013, Шведэд 2015, Словени улсад 2023 онд болсон ДАШТ-д тамирчдаа сойж байв. Тэднээс А.Хүслэн Италид өнгөрсөн сард болсон дугуйт цанын залуучуудын ДАШТ-д түрүүлж, дэлхийн аваргаар шалгарсан билээ.
-Монголын тамирчныг дугуйт цанын ДАШТ-д түрүүлэхэд олон орныхон ихэд гайхсан гэдэг. Үнэн үү?
-Азиас манай улсын нэрийг ч мэдэхгүй үзэгч их бий. Шигшээ багийнхнаас А.Хүслэн 34 тамирчнаас шөвгийн 16-д ХБНГУ, наймд Италийн тамирчинтай уралдаж, дөрөвт шалгарсан. Медалийн төлөө Италийн хоёр, Швед, Монголын тамирчин уралдахаар болсон юм. Шавиа аваргын төлөө Шведийн тамирчин, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Вилле Жутердалтай өрсөлдөж түрүүлэхийг хараад өөрийн эрхгүй баярлаж, огшсон доо. Дасгалжуулагч тамирчдаа тэмцээнд оролцоход түшиг тулгуур болж зөвлөхөөс гадна урам өгч урагшлуулах сэтгэл зүйч нь байдаг. Багшийн хувьд түүнд “Чиний зорьж оролцсон тэмцээн тул заавал тэргүүлэх ёстой. Чамд аварга болох нөөц, боломж бий” гэж хурцалж байв. Шавь минь ч итгэлийг минь алдалгүй уралдаж, дэлхийн аваргаар тодорлоо.
-Цанын шигшээ багийн тамирчид “Алдар”, “Хүч” спорт хорооны харьяалалтай байх юм.
-Тийм ээ. А.Хүслэн “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Дасгалжуулагч тамирчдаа амжилт гаргахад өөрөө түрүүлснээс дутуугүй баярладаг. БНСУ-д өнгөрсөн жил болсон гүйлтийн цанын олон улсын тэмцээнд тамирчдаа сойход ОУХМ Б.Ачбадрах 15, 30 км-ийн зайд түрүүлж, хошой алтан медаль хүртсэн. Тус улсын шигшээ багийнхан япон дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийдэг. Тэднийг нутгийнх нь талбарт үзэгчдийнх нь өмнө хожно гэдэг амаргүй. Төр засаг тамирчдаа дэмжээд өгвөл манайханд гадаадынхнаас дутахааргүй ур чадвар бий.
-Өвлийн улирал эхэлж, Европын цуврал тэмцээн үргэлжилж байна. Та тамирчдаа хэзээ сойх вэ?
-Европын цувралаас лидер тэмцээн нь арванхоёрдугаар сарын дундаас эхэлдэг. Монголын цанын холбооны төлөвлөснөөр манайхан БНСУ-д ирэх сарын 16-нд эхлэх олон улсын тэмцээнд уралдана. Тэнд долоо хоног бэлтгэл базааж, Японы Саппоро хотод хөл тавьж, 25-27-нд зохион байгуулах тэмцээнд оролцох юм. Тус тэмцээний дараа Европыг зорьж, Италийн Турин хотод болох оюутны ДАШТ-д шигшээ багийнхнаас А.Хүслэн, Л.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар хурд сорино. Бусад нь Италид бэлтгэл хийж, өвлийн олимпын эрх олгох тэмцээнүүдэд өрсөлдөнө дөө. Бидний гол зорилго бол төлөвлөсөн гол тэмцээнүүдэд уралдсаныхаа дараа өмнөд хөршийн Харбинд ирэх жилийн хоёрдугаар сарын 7-14 хүртэл үргэлжлэх Азийн өвлийн спортын IX наадамд оролцох юм. Тус хотод тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө очиж, бэлтгэл хийх төлөвлөгөө гаргасан. Азийн тоглолтын дараа Норвегт ДАШТ болно. Энэ мэтчилэн манайхан ирэх жилийн гуравдугаар сар хүртэл гэрийн бараа харахгүй байх.
-Та шавь нартайгаа шинэ жил, сар шинийн баярыг гадаадад угтдаг бололтой. Уламжлалт баярын өдрүүдэд гэрийнхнийгээ үгүйлдэг биз?
-Намайг ах, дүүс минь гэртээ тухалдаггүй хүн гэж цаашлуулдаг юм. Би 2012 оноос хойш 10 гаруй жил сар шинийн баярыг тамирчидтайгаа гадаадад угтлаа. Өнгөрсөн жил гэртээ байж, хамаатан садантайгаа золгоход их гайхсан шүү. Миний хувьд Италийн Милан хотод 2026 онд болох өвлийн олимпод тамирчдаа оролцуулчхаад дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгнө.
-Тухайн орны тамирчид спортод амжилт гаргах нь улсынх нь хөгжилтэй холбоотой байдгийг та ч гэсэн анзаарсан байх.
-Тэгэлгүй яах вэ. Олон улсын тэмцээн зохион байгуулж буй улсад хөл тавьсан анхны өдрөөс үүнийг хамгийн түрүүнд анзаардаг. Австри улсын Гаштейн ууланд наймдугаар сард цас ордог. Тэнд дэлхийн шилдгүүд бэлтгэл хийхэд манайхан ч бас базаасан юм. Тэд бидний амжилт гаргасан, эсэхийг бус, “Монгол Улсын эдийн засаг хэр хөгжсөн бэ” гээд хамгийн түрүүнд асууж билээ. Тэгэхээр аливаа улсын төсөв, эдийн засгийн байдал спорт хэрхэн хөгжсөнийг тодорхойлдог.
-Цанын спортынхонтой яриа өрнүүлэхэд тосолгоонд анхаарал хандуулдаг болох нь анзаарагдсан юм. Амжилттай уралдах, эсэх нь үүнтэй холбоотой санагдсан шүү.
-Гадаадын шигшээ баг гурван дасгалжуулагчтай хэрнээ тосолгооны 10 гаруй мэргэжилтэнтэй. Энэ нь тосолгоонд ямар их анхаарал хандуулдгийг илэрхийлж байна. Тамирчдын амжилт гаргах нь хүртэл үүнтэй холбоотой. Намайг гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин байхад тос ховор зүйлийн нэг байлаа. Одоо бол хаанаас ч олж болно. Миний байнга ярьдаг зүйл бол энэ шүү дээ. Цаныг зөв тосолдог мэргэжилтэн цөөн. Шигшээ багийг тосолгооны нэг мэргэжилтэнтэй болгох талаар Биеийн тамир, спортын улсын хороонд нэг бус удаа санал тавьсан. Тамирчдыг бэлтгэл хийх үед цаныг нь тосолчихдог хүн зайлшгүй хэрэгтэй байна. Сүүлийн үед цанын мэргэжилтнүүд хөгжиж буй буурай орнууд цанын тосолгоондоо алдаж байгааг анзаарсан. Өвлийн олимпын тэмцээнд улс бүр 5-6 тосолгооны мэргэжилтэн авч, бүгдэд нь ижил тос хэрэглэж уралдуулах талаар ярилцаж байгаа. Манайх шиг тосон дээрээ алддаг улсад бол энэ маш их хэрэгтэй зүйл. Тамирчид тосолгооны мэргэжилтэнгүй бол томоохон тэмцээнд амжилт гаргах хэцүү. Бидэнд энэ мэтчилэн тулгардаг асуудал бишгүй. Монголчууд дугуйт цанын дэлхийн аварга боллоо. Гэтэл бэлтгэл хийх замгүй. Дугуйт цанын өсвөр үеийнхний УАШТ-ийг зохион байгуулахын тулд Төв аймгийн Манзуширын хийдийн замыг хааж байж арай гэж хийлээ шүү дээ.
-Таныг тамирчдаа бэлтгэл хийх зориулалтын замтай болгох талаар нэг бус удаа санал тавьсныг сонссон. Гэтэл энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдсэнгүй дээ.
-Бэлтгэл хийх зориулалттай зам тавихад хэцүү биш. 2.5 км зам тавиад өгвөл тамирчид ямар ч асуудалгүй бэлтгэлээ базаана. Үүнийг нэг нь ч шийдэж өгөөгүй. Франц, Швейцар, ХБНГУ, Япон цанын олон баазтай. Японы Саппоро хотыг тойрсон 10 гаруй бааз бий. Олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан тул тэмцээн явуулах эрхтэй. Улаанбаатарт зам тавих газар олон бий. Өвлийн спортоос гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд ч нөлөөлнө. Хотын иргэд 30 гаруй жилийн өмнө цэвэр агаарт гарч Хандгайтад цанаар гулгадаг байлаа. Төрийн удирдлагууд тамирчдаа дэмжээд, цанын баазтай болговол гадаадад заавал бэлтгэл хийх шаардлагагүй. Миний хүсдэг зүйл ерөөсөө л энэ. Гадаадын цанын баазыг царайчилж, тамирчдаа бэлтгэл хийлгэх хэцүү л байдаг.
-Манайхан ДАШТ-д эхэндээ сүүл мушгидаг байсан бол одоо эхний 30 байрт багтах чадвар, туршлагатай болжээ.
-ДАШТ-д тамирчнаа оролцуулахад эхэндээ 40-50 дугаар байрт ордог байсан бол дараагийнхаас нь 11, 12 дугаар байр эзэлдэг боллоо. Манайхан тэмцээнээс тэмцээнд ур чадвараа ахиулсаар ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн шүү дээ. Миний хувьд цанын спортод дуртай болохоор ажиллаж байна. Бидний авдаг цалин амьдралд тэр бүр хүрэлцэхгүй. Гэр бүлээ мартах нь холгүй ажиллах хүнд. Би зөвхөн цанын спортыг онцолж яриад байгаа юм биш. Иргэдийн эрүүл мэндэд хэрэгтэй, чухал ажил болохыг ойлгуулах гэж хичээж ирсэн. Гадаадын иргэд өвлийн олимп болсон цанын бааздаа гулгадаг. Тэдэнд цанаар хэрхэн гулгахыг заадаг анхан шатны багш нар бий. Монголчууд өвлийн улирлыг үр дүн муутай өнгөрүүлдэг. Эдийн засгийнхаа хөгжилд зөв ашигладаггүй. Цанын бааз байгуулж, олон улсын тэмцээн явуулахад өвлийн аялал жуулчлал дагаад хөгжинө. ОХУ тамирчдаа эхний 20 байрт багтахад боломжийн гэж дүгнэдэг. Манай тамирчид тивдээ хэрэглэл материал сайтай. Улс нь дорвитойхон дэмжвэл өмнөхөөсөө ч илүү амжилт гаргана. Монгол хүүхдүүдийн биеийн хөгжил, авьяас, нөөц боломж, хичээл зүтгэл хаана ч гологдохгүй шүү.
-Дасгалжуулагч, тамирчин хоёр судлаач байх ёстой юу. Тодорхой судалгаа хийсний үр дүнд амжилтад хүрдэг байх л даа.
-Орон нутгийн сургуулийн багш нарт хүүхдүүдийг спортод системтэй бэлдэх талаар би зөвлөдөг. Тухайн хүүхдийг УАШТ-д оролцуулахын тулд сарын өмнө хичээлээс нь чөлөөлөн огцом бэлдэж, тэмцээнд оролцуулсныхаа маргааш ширээний ард суулгавал эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй. Наанадаж зүрхний хэмнэл нь алдагдаж, эмгэгтэй болно. Тамирчин бэлтгэхийн тулд бүхнийг эхнээс нь сайтар судлах ёстой байдаг юм. Тэмцээнд оролцуулахын тулд системтэй бэлтгэл хийлгэх нь зүйтэй. Спортын сургалт буруу, алдаатай байж хэзээ ч болохгүй. Зарим хүүхэд багш зүгээр л гулсуулаад зөөлөн бэлтгэл хийлгэх юм гэж боддог байх. Миний хувьд тэднийг дөрөв, цаашлаад найман жилийн дараа сайн уралдуулах зорилготой бэлтгэл хийлгэдэг. Тэдний заримд нь “Чи 2026 оны өвлийн олимпод оролцохгүй. Харин 2030 оныход өрсөлдөнө шүү” гэж зөвлөөд бэлтгэлийг шатлалтай хийлгэдэг. Шигшээ багийнхан хэдэн жил системтэй бэлтгэл хийсний үр дүнд амжилт гаргаж байна. Тухайн хүүхдийг цанын спортод нэг, хоёр жил дасгаж, дараагийн олимпод оролцуулахаар бодож бэлтгэлийг нь хийлгэх ёстой юм.
-Манайханд шигшээ багийн тамирчин сайн байх ёстой гэх ташаа ойлголт бий. Таны ярианаас тамирчдыг зөв, системтэй бэлтгэл хийлгэх нь чухал болохыг ойлголоо.
-Спортын төрлүүдэд мэргэжлийн дасгалжуулагч бэлдэх нь хамгийн чухал. Цанын спортод дасгалжуулагчдыг одооноос бэлдэх нь зүйтэй. Хурал болох бүрд миний улиг болтол хэлдэг ганц зүйл бол биеийн тамирын сургуульд цанын дасгалжуулагч бэлтгэх. Орон нутагт бөх, сагсан бөмбөг, волейболоос гадна цанын багшийг ч бас бэлдэх хэрэгтэй. Өнөө үед хүмүүс цаныг мартах тал руугаа хэлтийлээ. Улс цанын дасгалжуулагч бэлдэхийг бодлогоор дэмжвэл би ажлаа сэтгэл тайван өгмөөр байна. Бид Шведэд 2015 онд болсон ДАШТ-д оролцлоо. Тэр үеэр иргэд нь долоо хоног амарч, тамирчдаа дэмжээд тэмцээн үзсэн. Хөгжөөн дэмжигчид нь цанын баазын ойролцоо майхан бариад, хоол ундаа хийгээд тухалж үзэхийг нь хараад бахархсан. Гадаадад цаныг өндөр хэмжээнд хөгжүүлж байна. Биднийг сурагч байхад сургуулийн хичээлийн хөтөлбөрт цана, тэшүүрийг заавал багтаадаг байлаа. Энэ нь ч өвлийн спортыг хөгжүүлэхэд багагүй нөлөөлсөн.
-Олон орон энэ жилийн ДАШТ-д анхаарал хандуулж байгаа гэж дууллаа.
-Өвлийн олимпын өмнө болох том тэмцээн тул бүх орны тамирчид оноо цуглуулахын төлөө оролцоно. Шигшээ багийнхнаас Б.Ачбадрах Словени улсад өнгөрсөн жил болсон ДАШТ-д өрсөлдсөн юм. Тэрбээр сайн тамирчин. Тус тэмцээнд оролцсон 132 тамирчнаас 66 дугаар байрт орсон нь Монголын цаначдын хувьд бол өндөр амжилт. Түүнийг төр засаг дэмжээд, цанын чанартай хэрэглэл материалаар хангаж, надаас илүү сайн дасгалжуулагч бэлтгэл хийлгэвэл дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэж эхний 30 байрт шалгарна.
-Монголын цаначид Японы Саппоро хотод 1990 онд болсон Азийн өвлийн спортын наадамд бахдам амжилт гаргасан. Таны тэр тэмцээнд өрсөлдсөн дурсамжаар аялъя.
-Би тэр жил багийнхантайгаа оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ бол бидний хувьд бахдам амжилт байв. Өдгөө Япон Улс цанаар дэлхийд дээгүүрт өрсөлддөг болсон. Тамирчид нь эхний 20 байрт жагсдаг. Бид энэ жил тивдээ Казахстан, Япон, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай өрсөлдөнө. Казахстан, Япон бол дэлхийд өрсөлддөг шилдгүүдтэй.
-Азийн цаначид намхан ч европчуудаас дутахгүй амжилт гаргадаг. Тэдэнтэй эн тэнцүү уралдахын тулд ямар техникээр дутуу зүйлээ нөхөж байна вэ?
-Азийн тамирчид хурд, хөдөлгөөний давтамж ихтэй. Европын биерхүү, өндөр цаначид 10 метрийн зайд найман удаа, Азийнхан давтамжаараа 10 удаа дарах жишээтэй. Тамирчид бэлтгэлээ зөв, системтэй хийвэл амжилт гаргахад өндөр, намын ялгаа байхгүй. Ажиллах чадвараар илүү, хөдөлгөөний давтамж олон тул гадаадын тамирчдыг дөрвөн удаа түлхэж байхад Азийнхан таван удаа түлхдэг гэсэн үг.
-Шавь нартаа таны хэлж зөвлөдөг гол зүйл юу бол?
-Тамирчин хүн сахилга баттай байж амжилт гаргана. Дасгалжуулагчийн ажил амаргүй ч залуу тамирчидтай ажиллах сайхан. Тэднээс эрч хүч мэдэрдэг. Тамирчдаасаа хурд, хүч, тэсрэлт, хүсэл тэмүүллийг нь олж харах надад ч таатай санагддаг юм. Багшийн хувьд өндөр шаардлага тавина. Тамирчдадаа “Бэлтгэл яг цагтаа л эхэлнэ. Шалтаг хэлж хоцорч болохгүй. Нэгнээ хүндэлж, нөгөөгөөсөө суралцаж, атаа жөтөөнөөс хол яваарай. Монголчууд өмнө нь олимпод нэрээ оруулах гэж оролцдог байсан. Та нар одоо ялна, амжилтаа ахиулна гэж өрсөлдөнө шүү” гэж хэлдэг. Монголын цаначид өмнө нь олон улсын тэмцээнд яаж оролцоно доо гэдэг байсан бол одоо амжилт гаргах тухай ярьдаг болсон шүү дээ.
-Монголын цаначдыг амжилт гаргахад дасгалжуулагч Ж.Дашдэлгэр багшийн хичээл зүтгэл их нөлөөлсөн гэж спортын хүрээллийнхэн ярьдаг юм билээ.
Миний хувьд 1975 онд ах нарыгаа дуурайж цанатай нөхөрлөсөн. Булган аймгийн цанын дасгалжуулагч Г.Даваасүрэн багшийн удирдлагад найман жил хичээллэж, 1983 онд IX ангийн сурагч байхдаа улсын шигшээ багийн тамирчин болж байв. Түүнээс хойш шигшээ багт 10 жил уралдсан. Тухайн үед бид Польшид суралцаж төгссөн Ж.Дашдэлгэр багшийн удирдлагад бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцдог байлаа. Багшийнхаа зааж зөвлөсөн зүйлээс цанын спортын бүх суурь мэдлэгийг авсан. Шигшээ багийнхныг Канадын Калгари хотод 1988 онд болсон өвлийн олимпод оролцож ирсний дараахан багш “Та нар хоёр жил гэр орноо, ажил төрлөө хойш тавиад Японд болох Азийн өвлийн спортын наадмаас медаль авах хэрэгтэй. Тэгэхийн тулд бэлтгэлээ сайн базаа” гээд хэлсэн юм. Бид ч хичээсний үр дүнд амжилттай оролцож, хүрэл медальтай эх орондоо ирсэн. Би багшаараа үргэлж бахархдаг. Монголд цанын спортыг хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний ачаар энэ спорт манай улсад хөгжсөн. Спортын талбар дахь атаа жөтөө багшийг минь тойроогүй. Тийм их сэтгэл, зүтгэл гаргаж ажиллачхаад спортын салбараас ямар ч шагнал урамшил авалгүй бурхны орныг зорьсонд их харамсдаг юм. Зарим нэг хүн багшийн минь талаар буруу зөрүү ярьж, шагнал авахыг харж байлаа. Тэр үед багш минь нулимс дуслуулж суусан даа. 1990 оноос хойш цанын шигшээ баг татан буугдсанаар зарим нь ганзагын наймаа эрхлэх болсон. Энэ спортод дуртай, сэтгэлтэй нь үлдсэнийг тэр үед ойлгож билээ. Түүний удирдлагад хичээллэсэн он жилүүд бидний амжилт гаргасан оргил үе байсан. Багштайгаа хамт оролцсон тэмцээн бүр сайхан дурсамж үлдээжээ. Японд болсон Азийн өвлийн спортын наадамд багаараа хүрэл медаль гардахад багшийнхаа “Хүүхдүүд ээ, би та нарт хэлж байсан шүү дээ. Буухиа гэдэг чинь өөр тэмцээн. Бүгдээрээ яллаа шүү дээ” гээд догдолж зогссон мөчийг хэзээ ч мартдаггүй. Бидний амжилт олон орны дасгалжуулагч, мэргэжилтнүүдийг их гайхшируулсан даа.