“Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” хоёр дахь удаагийн форум өчигдөр “Олон нийтийн оролцоо, хүний эрх, жендерийн тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо. Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, ЭМЯ-ны Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан эл форумд оролцогчид манай улсад эл өвчин нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал хэвээр байгааг тодотголоо. Ялангуяа ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол нь сүрьеэгийн тархалтыг ихэсгэхэд нөлөөлж байна гэв. Өөрөөр хэлбэл, сүрьеэтэй хүмүүс эрүүл мэндийн байгууллагад ялгаварлан гадуурхагдсаар байгаа нь зайлшгүй анхаарах ёстой асуудал гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн гэр бүлийнхний 70 хувь нь санхүүгийн хүндрэлд ордог аж. Улсын хэмжээнд өнгөрсөн онд сүрьеэгийн 2357 тохиолдол бүртгэгджээ.
Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны эрдэм шинжилгээний төслийн удирдагч, анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа “Дэлхий нийтэд 2030 он гэхэд сүрьеэг устгах том зорилт тавьсан. Манай улс энэ зорилгод хүрэхийн төлөө ажиллаж эхэлж байна. Сүрьеэг бууруулахад эрүүл мэндийн салбарынхнаас гадна иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал. Монгол Улс сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй 30 орны нэгт багтаж байна. Тиймээс энэ өвчний тархалтыг бууруулахад алсын хараатай бодлого, санхүүжилт хэрэгтэй” гэв. Сүрьеэг бууруулахын тулд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтын ажиллагааны чиглэлээ оновчтой төлөвлөх нь чухал гэдгийг форумд оролцогчид хөндлөө. Ялангуяа өвчилсөн иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх чиглэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.