Өмнөговьчууд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, орон нутгийнхаа онцлогийг шингээсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн онд Нутгийн удирдлагын ордныхоо дэргэд “Өмнөговьд үйлдвэрлэв” төв нээсэн. Тэгвэл гадаад, дотоодын аялагчдад нэгдсэн мэдээ, мэдээлэл хүргэх үүднээс энэ газартаа Жуулчны мэдээллийн төв байгуулжээ. Ингэснээр говийн бүсэд аялагчид өрхийн үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн, жуулчлалтай холбоотой мэдээллийг нэг дороос цогцоор авах боломж бүрдсэн гэнэ. Энэхүү санаачилгыг ажил хэрэг болгоход тус аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо дэмжлэг үзүүлжээ.
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан “Аялал жуулчлалын гол бүс нутаг болохын хувьд өмнийн говьд Жуулчны мэдээллийн төв зайлшгүй байх ёстой. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, гэр буудал, жуулчны бааз, зоогийн газар, ресторан, хөтөч-тайлбарлагч, жолооч, гар урлал, машин түрээсийн үйлчилгээ эрхлэгч зэрэг аялал жуулчлалд оролцогч бүх хүн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой танилцуулга, мэдээллээ энэ төвд байршуулах боломжтой. Тусгай дугаарын утсаар мэдээлэл өгөх үйлчилгээг хараахан эхлүүлээгүй байна. Цаашид алсын зайнаас мэдээлэл, зөвлөгөө хүргэх, голлох маршрутуудын танилцуулгыг байршуулах зэрэг ажлыг хийнэ” гэсэн юм.
Н.МИШЭЭЛ