УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос гишүүн С.Эрдэнэбатад сануулга өгөх сахилгын хариуцлага ногдуулах тогтоол баталжээ. Тэрбээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгчийн ажлаа өдий хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Түүнчлэн уг байгууллагынхаа шугамаар БНСУ-д ажилласан, бас Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт оролцсон аж. Энэ талаарх өргөдлийг Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны иргэн Э.Золжаргал байнгын хороонд ирүүлсэн гэнэ.
Өргөдлийн дагуу хянан шалгасны үндсэн дээр гишүүн С.Эрдэнэбат нь УИХ-ын тухай хуулийн “УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэхийг хориглох” заалт, мөн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 4.13 дахь хэсэг буюу “Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн хэмээн Ёс зүй, дэгийн байнгын хорооныхон үзсэн байна. Тиймээс уг дүрмийн 11.1.1-т заасны дагуу сахилгын хариуцлага тооцохоор шийдвэрлэж, МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ нэн яаралтай шийдвэрлүүлэхийг сануулжээ. Байнгын хорооны хяналтын үеэр гишүүн С.Эрдэнэбат “МҮЭХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий зөвлөлдөө гаргасан. Ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаа их хурал хийх боломжгүй тул дараа жил их хурлаа зарлахаар шийдвэрлэсэн” гэсэн тайлбар өгсөн аж.
Хууль тогтоох байгууллагад ажиллаж буй хэрнээ өөрсдөө хуулиа зөрчсөн гишүүн С.Эрдэнэбатаас гадна хоёр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн албан тушаалаа саяхныг хүртэл хүлээлгэн өгөөгүй байв. Тус академийн ээлжит их чуулган ердөө долоо хоногийн өмнө болж, ерөнхийлөгчөөрөө академич С.Дэмбэрэлийг сонгосон юм. Уг асуудалтай холбоотойгоор гишүүн Д.Рэгдэлд ч ёс зүйн хариуцлага тооцох, эсэхийг эргэн харах саналаа Ёс зүй, дэгийн байнгын хорооны зарим гишүүн илэрхийлжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгчийн албан тушаалаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байна. “Шарк” гэдгээрээ олонд танигдсан түүнд хариуцлага тооцох талаар харин байнгын хорооныхон огт хөндсөнгүй. Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө гаргаад буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг сонгох хурлыг ирэх сарын дөрөв дэх долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Ташрамд дурдахад, дээр нэр дурдсан гурван гишүүн нь УИХ-ын энэ оны сонгуульд МАН-ын жагсаалтын эхний 10-т багтан, парламентад сонгогдсон. Тухайлбал, Д.Рэгдэл жагсаалтын тав, С.Эрдэнэбат долоо, Д.Энхтүвшин есөд бичигдсэн юм.
М.ОЧ