ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Уг хагалгааг тус төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийнхан БНСУ-ын эмч нартай хамтран гүйцэтгэжээ. Тэд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе буюу мега-протез суулгасан аж. Энэхүү мэс засал нь өвчтний ясыг тайрахгүйгээр үйл ажиллагааг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай гэнэ. Гадаадын улсад өндөр үнээр хийдэг эмчилгээг Монголд гүйцэтгэх боломжтой болсноороо энэхүү хагалгаа нь онцлогтой юм байна.
Мэс заслын багийн бүрэлдэхүүнд манай улсаас долоон эмч, мэргэжилтэн ажиллажээ. Тэднийг ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Ниндэвдэмбэрэл ахалсан аж.
Ташрамд дурдахад, Ясны эмгэгийн мэс заслын тасаг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд доод мөчдийн ясны эмгэг болон төрөлхийн согог, хавдартай үйлчлүүлэгчдэд мэс заслын болон сэргээн засах тусламж, үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлснийг ГССҮТ-ийнхөн онцоллоо.
А.ҮҮЛЭЭ