Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэгчдийн шалгалтыг 2022 оноос эхлэн жилд хоёр удаа авдаг болсон билээ. Үүний дагуу энэ жилийн хоёр дахь элсэлтийн шалгалтыг зохион байгуулах товыг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр танилцууллаа. Энэ өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 5-8-нд зохион байгуулах аж. Шалгалт 5-нд 10.00 цагт монгол хэл, бичгийнхээр эхлэх юм байна. Оролцогчдыг энэ сарын 10-наас цахимаар бүртгэж эхэлжээ. Бүртгэл ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх нь. Шалгалтад оролцогчдын суудлын хуваарийг ирэх сарын 25-наас хойш гаргахаар төлөвлөжээ. Оролцогчид шалгалтын хуваарьт зааснаас нэг цагийн өмнө ирж, 10 минутын өмнө суудлаа эзлэхийг дээрх төвийнхөн зөвлөсөн байна.
Их, дээд сургуульд элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт заавал өгдөг. Үүнд зөвхөн төгсөх ангийн сурагчид хамрагдах эрхтэй. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10 дугаар ангиасаа эхлэн уг шалгалтыг өгөх боломжийг нээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж буйгаа Боловсролын яамнаас мэдээлэв.
Ташрамд дурдахад, өнгөрсөн өвлийн элсэлтийн шалгалтад 5645 төгсөгч хамрагджээ. 2022 оны өвөл 5326 оролцогч шалгалт өгсөн аж. Эдгээрт оролцогчдын олонх буюу 70-аас дээш хувь нь Улаанбаатарт, бусад нь орон нутагт шалгалт өгсөн юм байна.