Манай улсад зохион байгуулдаг, аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ “Ай Ти Эм Монголиа” үзэсгэлэн яармаг өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өндөрлөлөө. 25 дахь удаагийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэл, орон нутаг дахь аялал жуулчлалын холбоо, тур оператор, амралтын газар, жуулчны баазын төлөөллөөс гадна Хятад, Турк зэрэг манай улстай аялал жуулчлалын өргөн харилцаа, хамтын ажиллагаатай орны дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, олон улсын байгууллагын судлаач, мэргэжилтэн, бизнес эрхлэгч нийлсэн 100 гаруй хүн оролцов. Энэ жилийн үзэсгэлэнгийн түншээр Завхан аймгийнхан ажилласан бол ирэх онд Баян-Өлгийнхөн ийм давуу эрхтэйгээр оролцох боллоо.
Үзэсгэлэнд оролцогчид уламжлал ёсоор 2024, 2025 оны тренд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Өнөө жилийн “Ай Ти Эм”-ийг “Үндэсний соёл, аялал жуулчлал, технологийн хөгжил” уриан дор зохион байгуулсан тул аялал жуулчлал, технологийг хослуулан хөгжүүлэх, шилдэг шийдлүүдийг нутагшуулах асуудалд бизнес эрхлэгчдийн анхаарлыг хандууллаа. Монголын аялал жуулчлалын холбоо соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, салбарын хэмжээнд технологийн шилдэг шийдлүүдийг нутагшуулах суурийг тавих зорилгоор “Эрксис” технологийн компанитай энэ үеэр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Түүнчлэн Архангай, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай аймгийн холбоодын аялал жуулчлалын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Алтан луужин” одонгоор шагналаа.
Н.МИШЭЭЛ