Гавьяат багш, доктор, профессор Ц.Гэлэгжамцтай ярилцлаа. Тэрбээр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн удирдлагаар цөөнгүй жил ажиллаж, олон зүйлд манлайлагч, хөтөч болж явсан нэгэн. Тус сургуулийн 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан түүний дурсамжийг нь хуваалцлаа.
-Та хэзээнээс 29 дүгээр сургуультай ажил, амьдралаа холбож байв?
-2006 онд би Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллаж байлаа. Тухайн үед сайд гэнэт л тушаал гаргаж, намайг Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн захирлаар томилсон юм. Тэр үеэс л ажил, амьдрал минь энэ сургуультай холбогдсон доо. Би 2006-2011 онд 29 дүгээр сургуульдаа ажилласан. Намайг ажиллаж байх үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо цөөнгүй байгуулагдаж байлаа.
-Тухайн үед хүүхдүүдийн сурах орчин нөхцөл ямар байсан бол?
-Тийм ч муу байгаагүй ээ. Гэхдээ шинэчлэх зүйл олон байв. Тиймээс 29 дүгээр сургуулийн болон гадаадын ижил төстэй сургуулиудын орчин нөхцөлийг яаралтай судалж эхэлсэн юм. Тодруулбал, ОХУ, Япон, Өмнөд Солонгос, Францад тусгай хэрэгцээт боловсрол хэрхэн олгож байгааг өөрийн улстай харьцуулан судалж байлаа. Үүний үр дүнд сургуулийн удирдлага, зохион байгуулалт, агуулга, арга зүйн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулсан. Хөгжингүй орнуудад тусгай хэрэгцээт боловсролыг хэрхэн олгож, хүнээ яаж хөгжүүлдгийг судалсан гэсэн үг. Зарим улс оронд нь бүр очиж, туршлага судалж байлаа.
-29 дүгээр сургуулийн суурийг хэзээ тавьсан юм бэ?
-Манай сургуулийн үүх түүх 1964 оноос эхэлнэ. Үүнээс хойш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүүхэд хүлээж авдаг ганц сургууль болсон юм. Тийм учраас хүүхдийг сурах орчин нөхцөлийг онцгойд тооцож, сургуулиа хөгжүүлэх 10 жилийн хугацаатай стратеги төлөвлөгөө боловсруулсан. Нэн тэргүүнд тусгай хэрэгцээт боловсролын хичээл заадаг багш нартайгаа зөвлөлдөөд, бага боловсрол, дунд боловсрол, ахлах суурь боловсрол гэж ангилан, сургалтын төлөвлөгөөгөө шинэчилж хэрэгжүүлсэн юм. Мөн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн анхан шатны боловсрол олгох шаардлагатай гэж үзсэн. Ингээд модон эдлэлийн мужаан, оёдол эсгүүр, хоол үйлдвэрлэлийн технологи, үсчин, гоо заслын мэргэжлээр анхан шатны мэргэжлийн боловсрол олгох ажлыг эхлүүлж байлаа. Цаашдаа хүүхдүүд маань ажлын байртай болох боломж нь нээгдэнэ шүү дээ. Өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн түвшинд хөдөлмөрийн хичээл заадаг байсан. Энэ хичээлийг ахисан шатанд гаргаж, мужаан, оёдол, эсгүүрийн мэргэжил олгодог болсон гэсэн үг.
-Сургалтаа ахисан түвшинд гаргахад хичээлийн хэрэглэгдэхүүнийг сайжруулахаас эхлээд санхүүжилттэй холбоотой олон асуудал тулгарсан байх. Хэрхэн шийдвэрлэв?
-Багш нартайгаа хамтран төсөл боловсруулсан. Төслөө салбарын яаманд уламжилж, шийдвэрлүүлж байлаа. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг яамнаас шийдэж, хүүхэд бүрд шаардлагатай сонсголын аппаратыг ОХУ-аас захиалан авч, зориулалтын анги танхимыг тохижуулан, тэнд ашиглах хэрэглэгдэхүүнийг ч бүрдүүлсэн. Тусгай хэрэгцээнд зориулж 10 танхим байгуулсан юм. Ингээд л сургуулийн үйл ажиллагаа жигдрээд ирсэн. Гэсэн ч асуудал үүгээр дуусахгүй л дээ.
-Тухайлбал, ямар асуудлууд тулгарч байв?
-Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан сурах бичиг хэвлэх шаардлага гарсан. 10 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулсан гэж өмнө хэлсэн шүү дээ. Түүнийхээ дагуу сургалтаа олон улсын жишигт нийцүүлэхийн зэрэгцээ улс орны онцлогт тохирсон сурах бичиг, гарын авлагаар хүүхдүүдийг хангах шаардлагатай болсон. “Цагаан толгой” номоос авхуулаад монгол хэл, бичиг, математикийн хөтөлбөрт тохирсон зэрэг сурах бичгүүдийг нэн тэргүүнд шинэчлэхээр мэргэжлийн багш нарын ажлын хэсэг байгуулж байлаа. Уг төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн.
-Тусгай хэрэгцээт боловсролын байтугай бусад сургууль ч хүний нөөцийн дутагдалд орчхоод байна. Таны яриаг сонсоход, тухайн үед багш нар олон, хүний нөөц сайтай байсан бололтой.
-Тусгай хэрэгцээт боловсролын багш буюу согог зүйч нарыг 1960-аад оноос эхлээд ОХУ болон Унгар улсад бодлогоор бэлдэж байсан шүү дээ. Тодорхой хэлбэл, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг нэлээд сайн бэлтгэсэн. 1960, 1970, 1980 онд олон сайн багш ажиллаж байлаа. Тусгай хэрэгцээт боловсролынхоос бусад хичээл багш нар маань ч хүүхдүүдийн онцлогийг сайн ойлгочихсон, ажиллах арга зүйгээ эзэмшчихсэн байсан даа. Багш бэлтгэх энэхүү бодлого 2000 он гарснаас хойш л алдагдаж, тасалдаж, одоо бүр “хямрал” нүүрлэчхээд байх шиг. Согог зүйч багш бүр ховордсон. Одоогоор багш болохоор МУБИС-д суралцаж буй хүүхдүүдийг согог зүйчээр хөрвүүлэн мэргэшүүлж байна.
-Багш нарынхаа ур чадварын талаар дурдахгүй юу.
-Олон сайн багш 29 дүгээр сургуульд ажиллаж байсан. Одоо ч бий. Дангаасүрэн гэж согог зүйч багш хүнлэг сэтгэлээрээ гайхагдаж байв. Тэрбээр орон нутгаар явж, элсэх хүсэлт гаргасан хүүхдүүдийг шалгаж, эцэг, эхтэй нь уулзаж, зөвлөгөө, мэдээлэл өгдөг байв. Зарим хүүхдийг тусгай хэрэгцээт бус, энгийн сургуульд сурах боломжтойг зөвлөнө. Төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлж, амжилт гаргадаг байсан. Биеийн тамирын багш нар бас маш сайн ажилладаг байв. Тэд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй уйгагүй ажиллаж, 29 дүгээр сургуулиас тив, дэлхийн аварга олныг “төрүүлсэн” юм. Өөр олон багш бий. Онцолж хэлэхээр бусад нь гомдох байх. Багш нар хамтарч ажиллаад, төсөл бичээд дотуур байраа шинэчилж байлаа. Их олон ажлын ард хамт гарсан даа.
-Улсын хэмжээнд ганцхан сургуульд 21 аймгаас хүүхдүүдийг авчирч суралцуулах хэцүү. Хэл, яриа сонсголын бэрхшээлтэй хүүхэд орон нутагт хэр олон байв?
-Бид 21 аймагт судалгаа хийсэн. Хөгжлийн бэрхшээлийг багад нь буюу эрт илрүүлэхэд ихэд анхаарсан. Дангаасүрэн эмч маань одоо хүртэл ажиллаж байна. Тэрбээр орон нутагт эрт илрүүлэг муу хийж байгааг байнга хөндөж, эл нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө зүтгэсээр ирсэн. Хөгжлийн бэрхшээлийг эрт мэдэх тусмаа эрт эмчилж, сургалтад хамруулж, нийгэмшүүлнэ. Хэнийг аймагт нь сургах, хэнийг нь дотуур байртай сургуульд сургахыг шийдэх нь маш чухал. Хөдөөгүүр явж, элсэлт авахдаа энэ төрлийн сургалт их явуулдаг байв.
-Та сургуулийн менежментийг сайжруулахаас гадна тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг байгуулсан гэсэн үү?
-Тийм ээ, сургуулийн өмнөх боловсрол чухал гэдгийг олж харсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэрт нь “хорьж” байгаад, шууд сургуульд оруулах биш, тусгай цэцэрлэгт хамруулж, хөгжүүлэх нь чухал. Улсын хэмжээнд ийм хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгаагүй. Тиймээс багш нартайгаа ярилцаад, 2009 онд сургуулийнхаа дэргэд 24 цагийн үйл ажиллагаатай, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй болсон. Үүний тулд БНСУ-ын “Samsung” компанид хандаж, төсвөө шийдүүлж байлаа. Ингээд сургуулийн өмнөх боловсролоос авхуулаад бүрэн дунд, бүр мэргэжлийн анхан шатны боловсрол олгож эхэлсэн дээ. Цаашлаад их, дээд сургуульд орох суурийг нь тавьж өгсөн. Түүнчлэн лаборатори ангиуд нээж, сургах мэргэжлийнхээ тоог ч нэмснээр элсэгчийн тоо эрс олширсон. Тиймээс манай 29 дүгээр сургууль бусад сургалтын төвийн болон ердийн сургуулийн дохионы хэлний багш нарыг чадавхжуулах төв бааз нь болс