Монгол Улс “PISA 2025” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд үргэлжлүүлэн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж буй юм. Боловсролын ерөнхий хуульд “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” гэж заасны дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас зохион байгуулдаг тус үнэлгээнд хамрагдахаар бэлтгэлээ базааж буй талаар Боловсролын үнэлгээний төвийнхөн мэдээлэв. Үүний хүрээнд олон улсын судалгааны даалгавар, аргачлалыг таниулах, түгээн дэлгэрүүлэх болон дээрх шалгалт, судалгааны үр дүнг танилцуулах цахим сургалтыг өчигдөр эхлүүлжээ. Энэ сарын 31 хүртэл үргэлжлэх уг сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй бөгөөд аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийн үнэлгээ болон судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд, хими, физик, биологи, газар зүй, математик, мэдээлэл зүй, монгол хэл уран зохиол, гадаад хэлний багш нар хуваарийн дагуу хамрагдах юм байна. Олон улсын үнэлгээний шалгалтыг ирэх оны дөрөвдүгээр сард зохион байгуулах аж.
Сонирхуулахад, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 15 настай 1500 орчим суралцагчийг судалгаанд хамруулан, байгалийн ухаан, математик, унших чадварыг үнэлэх компьютерт суурилсан шалгалт, судалгааг энэ сарын эхээр зохион байгуулжээ.