Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргаснаа өчигдөр танилцууллаа. Арваннэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд ихэнх бүс нутагт олон жилийн дунджийн орчим цас орох бол зүүн хэсэгт ахиу байх нь. Сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногт ихэнх нутагт цаг агаар тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв гарчээ. Иймд энэ үеэр хол замд гарахгүй байхыг, зайлшгүй тохиолдолд цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээллийг байнга харж, ажлаа төлөвлөхийг ЦУОШГ-аас анхааруулав.
Баруун аймгуудаас Завханы зүүн, Баянхонгорын хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх аж. Нийт нутгаар олон жилийн дунджийн орчимд хур тунадас орох нь. Нэг, хоёрдугаар арав хоногт зарим аймагт цасан шуургатай байхыг дурджээ. Харин төвийн аймгуудын нийт нутгаар ирэх сард агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, цас өмнөх жилүүдийн хэмжээнд орох нь. Мөн л сарын эхний 20 хоногт цасан шуургатай өдөр цөөнгүй байх гэнэ. Зүүн бүсийн нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэрнэ. Сүхбаатар, Дорнодын нийт нутаг, Хэнтийн баруун хэсэгт ахиу цас орох төлөв гарчээ. Говийн аймгуудаас Говьсүмбэрийн зарим хэсэг, Дорноговь, Дундговийн хойд бүсэд дунджаас хүйтэн, Өмнөговь, Дорноговь, Дундговьд их хэмжээний хур тунадас орж болзошгүй байна.