Энэ оны эхний найман сард 18 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард хоёр хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхтэй адил байна. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 386-д хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
Улсын хэмжээнд он гарснаас хойш бэлгийн замаар дамжих халдварт өвчний 7887 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 28.8 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдвар өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 164-өөр нэмэгджээ. Эл төрлийн халдварт өвчний 46.6 хувийг тэмбүү, 32.8 хувийг заг хүйтэн, 20.4 хувийг трихомониаз эзэлсэн аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 579 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ. Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байна.