Ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайдын тушаалаар батлахдаа I, II улиралд бие даалтын долоо хоног зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Үүний дагуу нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногийг энэ сарын 28-наас эхлүүлэх нь. Энэ хугацаанд сурагчид танхимд хичээллэхгүй бөгөөд музей, урлаг соёлын тоглолт, спортын тэмцээн зэрэг арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах аж. Зохион байгуулах үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг Боловсролын ерөнхий газраас гаргасан байна.
Бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь орон нутаг, сургуулийн онцлогт уялдсан, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх ёстой талаар зөвлөмжид тусгажээ. Бас аливаа үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамж, хандив авах зэргээр эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчид дарамт үүсгэхгүй байхыг дурдсан аж. Гэтэл зарим сургууль насанд хүрэгчдэд зориулсан жүжгийг хүүхдүүдэд хүчээр үзүүлэх санаачилга гаргасан нь эцэг, эх, асран хамгаалагчдыг бухимдуулаад байна.
Мөн суралцагчийн ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн аргахэмжээгтэдний ачааллыг тооцсоны үндсэн дээр бага ангийнханд өдөрт 15-20, дунд болон ахлах ангид 30-40 минутаас ихгүй хугацаагаар зохион байгуулахыг зөвлөжээ. Түүнчлэн нийгэм, ахуйн онцлогтой уялдуулсан уян хатан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэжээ. Тухайлбал, малчин өрхийн хүүхэд бие даах ажлыг гэртээ гүйцэтгэж, уламжлалт ёс заншилтай холбоотой “Малчны нэг өдөр”, “Өвөлжилтийн бэлтгэл” зэрэг сэдвийн хүрээнд тэмдэглэл хөтөлж, богино бичлэг хийн, зургууд авч, бусдадаа танилцуулах боломжтой гэнэ.