Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, ахмадын байгууллагын төлөөллийг оролцуулсан “Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжье” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Геронтологийн үндэсний төвийн дэд захирал М.Энхбаяр ДЭМБ-ын “Эрүүл насжилт”-ын 10 жилийн бодлого, стратеги”, тус төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Р.Даваадорж “Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний талаарх бодлого, цаашдын зорилт”- ын талаар танилцууллаа.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Улсын Их Хурлаас 2025 оны зургадугаар сарын 5-ны өдөр баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулгыг хийв.
Уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлах “Ахмад настны цогц тусламж үйлчилгээний журам”, “Асаргааны хувилбарт үйлчилгээний журам”-ын төслийг оролцогчдод танилцуулж, санал авах хэлэлцүүлэг зохион байгуулав.
Түүнчлэн “Зөв хандлага-Эрхэм андууд” клуб, “Монгол туургатан” хэл хуурын нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Ахмадаа дээдлэх төв” төрийн бус байгууллагын зүгээс ахмадуудыг идэвхтэй дасгал хөдөлгөөн, урлаг соёл, олон нийтийн арга хэмжээнд хамруулах, амьдралын эрүүл зөв хандлага төлөвшүүлэх чиглэлээр явуулдаг арга хэмжээг танилцуулан, ололт амжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, харилцан туршлагаа хуваалцсан арга хэмжээ боллоо.