NBA-ийн 2024-2025 оны улирал өнөөдөр эхэлж байна. Шинэ улирлыг угтаж, өнгөрсөн зуны онцлох үйл явдлуудыг товч танилцуулъя.
ОНЦЛОХ СОЛИЛЦООНУУД
Зуны турш солилцооны зах зээл дээр хамгийн завгүй ажилласан баг нь “Нью-Йорк никс” байлаа. Тэд М.Брижесийг солилцоогоор авсан бол хэдхэн хоногийн өмнө багийн гол тоглогчдын нэг Ж.Рэндл болон Д.Ди Винченцог “Миннесота”-д өгч, оронд нь К.Энтони-Таунсыг элсүүлсэн. Ингэснээр тус баг бүсийн аваргын төлөө “Бостон”-той өрсөлдөх зузаан бүрэлдэхүүнтэй болов.
Харин 2024 оны чөлөөт агентийн зах зээлийн гол тоглогч П.Жоржийг “Филадельфи” урвуулж чадлаа. Цалингийн цэсний тун давгүй нөөцтэй байсныхаа ачаар тэд “Клипперс”-тэй уг наймааг хийж чадсан юм. Харин гол тоглогчоо харамсалтайгаар алдсан багаар гарцаагүй “Уорриорз” тодорно. Тэд К.Томпсоныг авч үлдэхийг хичээсэн ч бүтэлгүйтэж, бүсийнхээ гол өрсөлдөгчдийн нэг “Даллас”-т алдсан юм. Харин К.Калдвелл-Поуп хэмээх гол шидэгч, хамгаалагчаа “Орландо”-д өгөхөөс өөр аргагүй болсон “Денвер” түүнийг орлуулахаар Р.Уэстбрукийг элсүүлээд байна.
ОНЦЛОХ ОГНОО
Арваннэгдүгээр сарын 13-NBA-ийн цомын тэмцээн эхэлнэ
Арваннэгдүгээр сарын18-NBA-ийн цомын шигшээ тоглолт
Арванхоёрдугаар сарын 25-Зул сарын тоглолтууд:
(“Сан-Антонио спөрс”-“Нью-Йорк никс”, “Миннесота тимбервулвз”-“Даллас маверикс”,
“Филадельфи-76”-“Бостон селтикс”,
“Лос-Анжелес лейкерс”-“Голден Стэйт уорриорз”,
“Денвер наггетс”-“Финикс санс”
Нэгдүгээр сарын 23, 25-Парист “Спөрс”, “Пэйсерс” баг тоглоно
Хоёрдугаар сарын 7-Солилцооны цонх хаагдана
Хоёрдугаар сарын 14-16-Бүх оддын тоглолт Сан-Францискод болно
Гуравдугаар сарын 14-Улирлын тоглолт өндөрлөнө
Гуравдугаар сарын 16-19-Плей-ин тоглолтууд явагдана
Дөрөвдүгээр сарын 19-Плей-офф эхэлнэ
Тавдугаар сарын 12-Драфтын сугалаа
ОНЦЛОХ БАГУУД
“Филадельфи” багт Т.Макси, П.Жорж, Ж.Эмбийд хэрхэн тоглох нь гарцаагүй анхаарал татаж байна. Гэхдээ Ж.Эмбийд, П.Жорж хоёр улирлын эхний хэд хэдэн тоглолтыг гэмтлийн улмаас өнжих нь тодорхой болсон. Түүнчлэн дараалсан хоёр тоглолтын аль нэгийг алгасна гэдгээ Эмбийд мэдэгдсэн. Тиймээс энэ гурвалын амжилтад эрүүл мэнд нь ихээхэн нөлөөлөх магадлалтай юм.
Эхний улиралдаа онцгойрсон Вэмби энэ улирлаас лигийн ахмад холбон тоглогч К.Полтой хамтдаа тоглоно. Ахмад, залуу тоглогчийн энэхүү хослол асар өрсөлдөөнтэй “Өрнөд” бүсэд цахиур хагалж чадах, эсэх нь сонирхол татаж байна.
Өнгөрсөн улиралд финалд шалгарсан “Даллас” энэ жил К.Томпсоноор хүчээ зузаалсан учир хүлээлт өндөртэй улирлыг эхлүүлнэ. Тэд өнгөрсөн жилийн амжилтаа давтах, улмаар ахиулж чадах, эсэхийг харах л үлдлээ.
Ж.Брансон, Ж.Харт, М.Брижес, О.Жи.Ануноби, Карл-Энтони Таунс, М.Макбрайд, М.Робинсон тэргүүтэй “Никс”-ийн бүрэлдэхүүн цаасан дээр тун “зузаан” харагдаж байна. Тиймээс тэднийг ирэх хавар бүсийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөхөд гайхах зүйлгүй юм.
Сүүлийн жилүүдэд лигт аваргаа хамгаалсан баг төрөөгүй цувралыг өөрчлөх боломж 2008 оноос хойш анх удаа аваргалсан “Бостон”-д бүрэн бий. 2024 оны плей-оффын туршид ердөө гурван ялагдал хүлээсэн тэд хэдий хүчээ зузаатгах том солилцоо хийгээгүй ч аваргалах боломжтой багуудын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.
Харин “Өрнөд” бүсийг өнгөрсөн жил амжилтаараа тэргүүлсэн “Оклахома” баг “Чикаго”-гоос А.Карусог элсүүлж, хамгаалалтаа бэхжүүллээ. Тэд харин плей-оффт өндөр амжилт гаргаж чадах уу?
Төдий л өндөр амжилт гаргахгүй боловч анхаарлын гадна үлдэхээргүй баг бол “Уорриорз”. Багийн лидер С.Көрригийн дахин аваргалах боломж жил ирэх тусам буурсаар байна. Энэ зун Б.Хильд, Д.Энтони Мелтоноор хүч нэмсэн тус багт залуус, ахмадын алаг цоог бүрэлдэхүүн бүрдээд буй.
Харин аваргалах боломж нь өндөр хэвээр байгаа нэг тоглогч бол Н.Йокич. “Денвер”-ийн гарааны бүрэлдэхүүн лигтээ шилдгийн нэг боловч плей-оффт өнгөрсөн жилийнх шиг бүтэлгүйтвэл тус багт ихээхэн шинэчлэл явагдахаас өөр аргагүй болох биз ээ.