Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авдаг хуулийн зохицуулалтыг иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд эсэргүүцэж, холбогдох заалтыг хүчингүй болгуулах цахим өргөдөлд гарын үсэг зурж эхэлжээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-т “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцно” гэж тусгасан нь ажил олгогч, даатгуулагчдыг давхар хохироосон, бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн боломжийг хязгаарласан зохицуулалт гэж үзэж байна. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгж хоорондын нэг удаагийн ажлын хөлснөөс шимтгэл авч байгаа нь зөвхөн Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх зорилготой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулсан гэрээ, байнгын ажлын байр буюу тогтмол цалин орлогоос л үүнийг авах ёстой, давхардуулан тооцох учиргүй гэж үзэж буй. Дэлхийн орнуудад, олон улсад ч ийм гажууд, дарамттай тогтолцоо байдаггүй гэнэ.
Энэхүү хүсэлтийг иргэн О.Батхүү санаачилж, нийтийн өргөдөл, гомдлын цахим системд байршуулжээ. Нийт 100 мянган хүн үүнийг дэмжвэл Нийгмийн даатгын ерөнхий хууль дахь холбогдох заалтыг хүчингүй болгох нь. Одоогоор 10 300 гаруй иргэн гарын үсэг зураад байна. Санал авах хугацаа дуусахад 18 хоног үлджээ. Нийтийн өргөдөлд саналаа нэгтгэхийн тулд төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системээр нэвтрэх, эсвэл цахим гарын үсэг ашиглах сонголттой байгаа нь иргэдэд төвөг чирэгдэл учруулж, идэвх оролцоог нь хязгаарлаж буйг бизнес эрхлэгчид хэлж байна.
Н.МИШЭЭЛ