Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос эрчим хүчний үнэ нэмэхийг эсэргүүцсэн хэвлэлийн хурлыг өнгөрсөн баасан гарагт хийлээ. “Салбарын сайд Б.Чойжилсүрэн саяхан цахилгааны үнийг 64, дулааныг 28 хувиар нэмэхээ мэдэгдсэн. Эрчим хүчний салбарт шинэчлэл хийх шаардлагатай нь маргаангүй. Гэхдээ гол ачааллыг иргэдэд үүрүүлмээргүй байна. Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллагынхан үнэ тарифыг бодитоор тооцож чадаж байгаа, эсэхийг маш сайн хянах шаардлагатай. Эрчим хүчний үнийг эрс нэмэх нь олон аж ахуйн нэгж хаалгаа барих шалтгаан болно” гэж МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рагчаа хэлэв. Тиймээс эрх баригчид үнэ нэмэх шийдвэрээ эргэн харах нь зүйтэй гэдгийг тэрбээр онцолсон юм.
Түүнчлэн парламентад суудал авсан намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг тус холбооныхон шаардлаа. Тодруулбал, улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох амлалт өгсөн ч хэрэгжүүлэхгүй байгааг МҮЭХ-ныхон дурдав. Үүний талаар Б.Рагчаа “Хүний нөөцийн бодлого гэдэг зүйл манай улсад аль хэдийн алдагдаад, бүр гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Өндөр боловсролтой, ур чадвартай хүний нөөц гадаад руу дүрвэсээр байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө л хөдөлмөрийн үнэлэмж бага байгаатай холбоотой. Ирэх онуудад эл асуудалд онцгой анхаарч шийдэх болов уу гэтэл харин ч үр дүнгүй зүйлүүдэд мөнгө цацах төсвийн төсөл танилцуулаад байна. Үр дүнгүй зардлаа төсвөөс хасаад, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарах ёстой” гэв.