Торгоны замын их сургуулиудын холбооны “Sun” олон улсын долоо дахь удаагийн уралдааны шилдгүүдийг зарлалаа. Уг уралдааны шүлгийн төрөлд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн хөтөлбөрийн хоёрдугаар түвшний оюутан Б.Дашдуламын бүтээл шилдгээр тодорчээ. Ингэснээр тэрбээр Итали улсын “Naples L’Orientale” их сургуульд зохион байгуулах, “Sun”-ы шагнал гардуулах ёслол болон соёлын аялалд оролцох эрхтэй болжээ. Түүний бүтээлийг олон орны хэлээр орчуулж, “Sun” уралдааны цахим номын санд байршуулах гэнэ. Уралдааны эсээ бичлэгийн төрөлд өнгөрсөн жил МУИС-ийн оюутан Э.Бямбасүрэн тэргүүлж байв.
Эл уралдаан нь соёлын олон янз байдлын үнэт зүйлсийг тодруулах, хүн төрөлхтний энх тайван, хөгжил цэцэглэлтийн гол хэрэгсэл болох харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой аж. Оролцогчид энэ удаа “Торгоны зам дагуух мод ба хүмүүс”, “Орчин үеийн цаг уурын өөрчлөлт нь байгалийн тогтоц, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ” зэрэг сэдвийн хүрээнд бүтээлээ туурвисан байна.
А.ҮҮЛ