АНУ болон Европын Холбооны улсууд Гүржийн эрх баригчдад хандан тус улсын парламентын сонгуулийн үеэр гарсан зөрчлийг шалгахыг уриалав. Сонгуулийн үеэр “сонгогчдод хахууль өгөх”, “санал өгөх нууцлалыг зөрчих” “сүрдүүлэх”зэрэг зөрчил гарсныг дурдсан байна.
“Олон улсын ажиглагчид сонгуулийн үр дүнг чөлөөт, шударга гэж хүлээн зөвшөөрөөгүй. Бид олон улсын хэм хэмжээг зөрчсөн бүх үйлдлийг буруушааж, сонгуультай холбоотой бүх зөрчлийг мөрдөн шалгах олон улсын болон орон нутгийн ажиглагчдын уриалгад нэгдэж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мэдэгджээ.
Түүний хэлснээр, зөрчлийн дотор “эрх баригч нам төрийн хөрөнгийг урвуулан ашигласан, айлган сүрдүүлсэн” зэргийг онцолжээ.
ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд комиссар Жозеп Боррелл санал хураалтын үр дүнд сүүлийн үеийн хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийн нөлөөллийн талаар ноцтой санаа зовж буйгаа илэрхийлэв.
“Ажиглагчид сонгуулийн талбар жигд бус, туйлширсан уур амьсгалд сурталчилгаа явуулж байгааг мэдээлж байна... Гүржийн Сонгуулийн төв хороо болон төрийн бусад холбогдох байгууллагууд үүргээ биелүүлж, шуурхай, ил тод, хараат бус мөрдөн шалгах ажиллагааг хангаж... зөрчлийг тодруулж, залруулахыг бид уриалж байна. Энэ нь сонгуулийн үйл явцад итгэх итгэлийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай алхам юм. Европын холбоо ЕАБХАБ/АИХЭА-ны (Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага/ардчилсан институц, хүний эрхийн алба ) эцсийн тайлан, зөвлөмжийг тэсэн ядан хүлээж байна” гэж Боррелл мэдэгдэлдээ дурджээ.
Гүржийн сонгууль аравдугаар сарын 26-нд болсон бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дүнгээр саналын хуудасны 99,2 хувийг тоолж дуусахад эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 54,08 хувийн санал авч тэргүүлсэн байна.
Сөрөг хүчний намууд болон Ерөнхийлөгч Саломе Зурабишвили сонгуулийн албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.