ХАМАС-ын хяналтад байдаг Газын зурвасын эрх баригчдын мэдээлснээр саяхны нэг шөнө Бейт-Лахия хотод Израилын өгсөн цохилт 90 шахам хүний амь хөнөөсний дотор хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. 40 гаруй хүн шархадсан, нуранги дор бас олон хүн дарагдсан байна. Израилын арми буюу ЦАХАЛ-ын баримтаар бол сүүлийн өдрүүдэд агаарын цэргийн хүчин нь Газын зурвас хийгээд Ливаны 175 орчим байнд цохилт өгчээ. Палестины мэдээллийн WAFA агентлагийн өгүүлснээр Бейт-Лахия хотод олон айл оршин суудаг орон сууцын хороолол Израилын агаарын довтолгоонд өртсөн. Энэ хотод Индонезийн барьж байгуулсан эмнэлэг байдаг бөгөөд тийш онилж бууджээ. Дүрвэгсдийн лагерь байдаг, шигүү хүн амтай Жабали районыг Израилын цэргүүд бүсэлж байгаад галласнаас наад зах нь 33 хүн амиа алдсан аж. Энэ районд сүүлийн хэдэн долоо хоног хүмүүнлэгийн байгууллагууд тусламж хүргэж чадсангүй. Тийш нэвтрүүлэх тусламжийг нэмэгдүүлэхгүй бол Израилд нийлүүлж буй зэвсгээ бууруулна гэж АНУ сүрдүүлжээ. Нэг жил гаруй үргэлжилж буй зөрчил тэмцэл ХАМАС-ын удирдагч Яхья Синвар амь үрэгдсэнээр зогсох болов уу гэж хүлээж байсан ч “Израил Газаас яваагүй байхад барьцааны хүмүүсийг эргүүлж өгөх тухай санахын ч хэрэггүй” гэж ХАМАС мэдэгдлээ. “Синварын үхэл тэмцлийг зогсоохгүй, ХАМАС амьд, цаашдаа ч амьд байх болно” гэж Ираны дээд удирдагч аятолла Хаменей мэдэгдэв.
Ливаны нийслэл Бейрутэд байх “Хезболла” бүлэглэлийн байранд Израил цохилт өгсөөр байна. Тус хотын захирагч Сахмар Хайдар Шахла амь үрэгдсэнийг Ливаны үндэсний мэдээллийн агентлаг уламжлав. Тус улсын өмнөд нутагт байдаг “Хезболла”-гийн командын томоохон төвийг Израилын цэргүүд устгажээ.
Израилын умард нутагт (Кесария) оршдог, Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн гэр лүү нисгэгчгүй төхөөрөмж харвасан тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна. Гурван төхөөрөмж харвасны нэг нь байндаа туссан аж. Нетаньяху хариуд нь “Ираны гар, хөл болсон “Хезболла” гэргий бид хоёрыг алахыг оролдсон нь ноцтой алдаа болов. Буруутнууд өндөр үнэ төлөх болно” гэж цахим хуудсандаа бичсэн байна. “Ирээдүйгээ хамгаалахын тулд хийж буй шударга дайнаа үргэлжлүүлэхийг тэдний оролдлого зогсоохгүй” гэж Нетаньяху нэмж бичив. Ливанаас Израилын нутгийн гүн рүү 70 орчим километр зайд байдаг Ерөнхий сайд Нетаньяхугийн гэр лүү нисгэгчгүй төхөөрөмж харвасан нь ЦАХАЛ-ын довтолгооныг улам ширүүсгэжээ. Нисгэгчгүй төхөөрөмж харвасны бурууг “Хезболла” албан ёсоор хүлээгээгүй ч Ираны исламын хувьсгалыг хамгаалагч корпусын зэрэгцээ хамгийн магадлалтай сэжигтэн гэж тус бүлэглэлийг үзэж буй аж. Израилын үүсгэсэн зөрчил тэмцэл “шинэ, шатлан өргөжүүлсэн шатандаа” шилжиж байгаа гэж “Хезболла” бүлэглэл мэдэгдсэнийг ч хэлэх үү.
Израилын цэргүүд ХАМАС-ын удирдагч Яхья Синварын араас жил гаруй ангуучилж байгаа аж. Израилын энэ өстөн дайсан өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд үйлдсэн алан хядах үйлдлээс хойш сураггүй болоод байжээ. 61 настай Синвар Газын зурвасын дор байх хонгилд бие хамгаалагчдын хамт Израилын барьцаалагчдаар амьд хамгаалалт хийн нуугдаж буй гэх мэдээлэл байв. Газын зурвасын өмнөдөд Израилын харуултай санамсаргүй тааралдсанаар Синвар амиа алдсан бололтой. Тухайн үед түүнийг хамгаалдаг отряд нь цөөн хүнтэй, барьцааны хүмүүс ч ойр хавьд нь байсангүй. Түүний үхлийн талаар тодорхой мэдээлэл олдохгүй байгаа аж. Рафах хотын нэгэн дүүрэгт эргүүл хийж явсан Израилын цэргийнхэн ойрхон байх байшингууд руу гурван хүн гүйж явахыг олж хараад гал нээжээ. Тэдний нэг нь байшингийн нэгдүгээр давхрын хог новшин дунд нуугдахыг хичээж буй нь бичлэгээс харагдаж байв. Хөдлөх байдлаас нь үзвэл гар нь шархадсан бололтой. Тэрбээр дрон руу мод шидэж байгаа нь харагдаад бичлэг тасарсан байна. Чухам энэ цогцос Яхья Синварынх болохыг сүүлд нь таньсан аж. Цогцсын шүд, хурууны хээ, ДНХ-ийг шинжлээд “Яхья Синварыг устгасан” гэж ЦАХАЛ мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Дайсанд цохилт өгсөн, гэхдээ Газын зурвас дахь дайн дуусаагүй” гэж мэдэгдсэн. Тэгвэл Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант “Синвар командлагч шиг биш, зөвхөн амиа хоохойлдог хүний ёсоор алагдлаа. Энэ бол манай дайснуудад өгч буй тодорхой дохио” гэж хэлжээ.
“Сүүлийн долоо хоногуудад Газын зурвасын өмнөдөд явуулсан ажиллагаа Яхья Синварын хөдөлгөөнийг хязгаарласан юм” гэж ЦАХАЛ-ын мэдэгдэлд өгүүлжээ. “Удирдагчдын маань үхэл Палестины ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөнийг эцэслэхгүй” гэж ХАМАС бас мэдэгдлээ. Нэрд гарсан зүтгэлтнээ алдах тусам тус бүлэглэл түүхийнхээ туршид хүчирхэг болсоор ирсэн гэж мэдэгдэлд нь өгүүлсэн байна. “Хайртай хүмүүсээс, ялангуяа гарамгай удирдагчдаасаа салах нь харамсалтай, гунигтай ч эцсийн дүнд бид ялна гэдэгтээ итгэлтэй байдаг. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчдийн ажлын дүн, ийм байх ёстой”. ХАМАС-ын мэдэгдэлд ийн бичсэн байна.
Яхья Синварыг устгах нь аравдугаар сарын 7-ноос хойш Израилын тавьсан нэг гол зорилго нь байв. Гэхдээ Израилын Ерөнхий сайд “Та бүхний, бидний ойрын хүмүүс (барьцааны) гэртээ иртэл тэмцлээ бүхий л хүчээр үргэлжлүүлнэ” гэсэн байр суурьтай байгаа. ВВС-гийн олон улсын мэдээллийн редактор, Ойрхи Дорнодоор мэргэшсэн Жереми Боуэн “ХАМАС-ын удирдагчийн амийг хөнөөсөн нь тус бүлэглэлийн эсрэг хийж буй Израилын дайны томоохон ялалт” гэж бичсэн өгүүлэлдээ тэмдэглэсэн байх юм. Израилын түүхэнд түүнд хамгийн их хохирол учруулсан байлдааны хүч болгож хувиргасан ХАМАС бүлэглэлийн хувьд Синварын үхэл том цохилт аж. Ерөнхий сайд Нетаньяху “Дайн дуусаагүй. Дайн хүнд хэцүү. Ялалт бидэнд өндөр үнээр олдоно. Илүү их сорилтыг бид давж гарах ёстой. Бидэнд тэсвэр тэвчээр, эв нэгдэл, эрэлхэг зориг, нугаршгүй чанар хэрэгтэй. Хамтдаа тулалдаж, бурхны авралаар бид хамтдаа ялна” гэж хэлжээ. Улс төр, цэргийн хүчний хувьд ХАМАС-ыг устгах нь, барьцаанд байгаа хүмүүсээ чөлөөлөх нь энэ дайны гол зорилго гэж тэрбээр нэг бус удаа хэлж байсан. Дайн жил гаруй үргэлжилж, 42 мянган палестин хүний амийг хөнөөгөөд Газын зурвасын ихэнх хэсэг нь үнс, нурам болчхоод байгаа ч Израил аль ч зорилгодоо хүрээгүй байна.
Яхья Синвар 1962 онд Газын зурваст дүрвэгсдийн лагерьт төржээ. Израилын өдөөсөн, зургаан өдрийн дайн эхлэхэд тэр таван настай байж. Палестины дөрвөн мэдээлэгчийг алсны улмаас Израилын эрх баригчдаар яллуулахдаа 20 настай байв. Шоронд байхдаа шүдний эмчид үзүүлж байсан баримт нь израилчуудад хадгалагдаж байсан нь сая түүний цогцсыг танихад хэрэг болсон гэнэ. 2011 онд Израилын Гилад Шалит гэдэг ганц цэргээр Палестины мянган хоригдлыг солиход түүнд багтаж чөлөөлөгдсөн нь барьцааны хүмүүстэй байхын үнэ цэнийг Синварт ухааруулжээ. ХАМАС-т барьцаалагдаад байгаа хүмүүс (101 хүн байгаа гэх боловч тэдний тал нь амиа алдсан байж болзошгүй гэж Израилын эрх баригчид таамагладаг)-ийн ар гэрийнхэн Тель-Авивын төв талбайд цугларч төрөл төрөгсдийг гэрт нь авчрах яриа хэлэлцээр эхлүүлэхийг Израилын Засгийн газарт уриалав. Барьцаанд байгаа нэг хүний эх Эйнав Зангаукер Ерөнхий сайдад хандаж “Нетаньяху, барьцаанд байгаа хүмүүсийг битгий үхүүл. Зуучлагчид хийгээд олон нийтэд ханд, шинэ санаачилга гарга. Боломжтой үеийг Нетаньяху ашиглахгүй, дайнаа зогсоогоод ч гэсэн санаачилга гаргахгүй бол тэрбээр дайныг сунжруулж, эрх мэдлээ бататгахын тулд барьцааны хүмүүсийг орхиж байгаа хэрэг. Тэднээ эргэж иртэл бид бууж өгөхгүй” гэж хэлсэн аж. “Бидний мэдэж, ойлгож буйгаар энэ дайн Палестины ард түмнийг устгахад чиглэж байна. Тэд Ойрхи Дорнодыг бүхэлд нь өөрийн болгохыг хүсэж, Ливан, Сири, Йеменд дайтаж буй. Энэ дайн 1919 онд еврей болон бид нарын хооронд 100 гаруй жил үргэлжилж байгаа юм” гэж доктор Рамадан Фарис, Аднан Ашур нар дурджээ.