2024 оны эхний есөн сард манай улсын хилээр давхардсан тоогоор 2.7 сая иргэн нэвтэрчээ. Үүний 25.8 хувь буюу 699 021 нь олон улсын жуулчин аж. Гадаад зорчигчдын 63.7 хувь (445 717) нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас ирсэн бол 31.4 хувь (219 771) нь Европынх байна. Африкаас 1469, Өмнөд Азиас 5136 жуулчин хүлээж авсан нь бүс нутгууд дундаа хамгийн бага үзүүлэлт гэнэ.
Улсаар нь авч үзвэл, нийт зорчигчийн 26.9 хувь нь Хятад, 25.4 хувь нь Орос болон Өмнөд Солонгос, 3.2 хувь нь Япон, гурван хувь нь Казахстанаас иржээ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын үзүүлэлттэй харьцуулахад манай улсад ирсэн хятад иргэдийн тоо хамгийн өндөр буюу 61.5 хувиар өсөж, 49.2 мянгад хүрчээ. Үүний дараа БНСУ, Тайвань, Казахстан, Японы жуулчид эрэмбэлэгдэж байна.