Аравдугаар сарын 26-нд Израилийн арми Иранд агаарын цохилт өгснөөр Исламын Бүгд Найрамдах Улсын стратегийн хамгаалалтын чадавхийг бүхэлд нь устгасан тухай Израилийн "Галей Цахал" радио мэдээлэв.
“Эл цохилт Ираны бүх стратегийн хамгаалалтын чадавхийг өөрөөр хэлбэл алсын тусгалын зенитийн пуужингийн бүх суманг устгав. Иранд Оросын S-300 цогцолбор болон өөрсдийнх нь үйлдвэрлэсэн шинэ дэвшилтэт хоёр загвар байсан. Мөн сумангийн адил бүх алсын илрүүлэг бүхий радаруудыг устгасан. Үндсэндээ Иранд одоо зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах ойрын тусгалын суман л үлдсэн” гэж тус радио станц Израилийн армийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Мөн энэ цохилт нь Ираны пуужин үйлдвэрлэх хүчин чадалд их хэмжээний хохирол учруулсан гэж мэдээнд дурджээ.
Иран хоёр мянган алсын тусгалтай баллистик пуужинтай бөгөөд одоо "ойрын ирээдүйд ,хэдэн сарын эсвэл жилийн дотор зэвсгийн нөөцөө бүрдүүлэх боломжгүй тул байгаа зэвсгээ хэмнэхээс өөр аргагүй" гэж Израилийн тал үзэж байна.
Үүний зэрэгцээ Ираны нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл цохилтод өртөөгүй гэж "Галей Цахал" мэдээлжээ.
Эх сурвалжийн ярьснаар Израилийн арми одоо Ираны талын хариу арга хэмжээ авах хувилбарт бэлдэж байгаа бөгөөд болзошгүй хариу довтолгоог няцаахад "америкчууд илүү их үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна."
Израильд пуужингийн довтолгооноос хамгаалах АНУ-ын THAAD систем байршуулснаас гадна Aegis систем бүхий АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоц байгаа юм.