Монгол судлаач, орчуулагч, дипломатч, профессор Юрай Николаевич Кручкинтэй ярилцлаа.
-Та Монгол Улсад сүүлийн 40-өөд жилийн турш амьдарч байна. Манай улсыг хоёр их гүрний дундах ардчиллын арал гэж барууны зарим хэвлэлд бичдэг юм билээ. ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дундах Монгол Улс хараат бусаар хөгжиж чадаж байгаа болов уу?
-Би Монголд анх ирснээс хойш 40 жил боллоо. Монголыг Ю.Цэдэнбал дарга удирдаж байх үед ирсэн хүн шүү дээ, би.
Монгол Улс бол товчхондоо хэлэхэд, хөгжиж байна. Гэхдээ зарим талаар буруу хөгжөөд байгаа санагддаг. Жишээлбэл, Улаанбаатар хотын хөгжлийг ярья л даа. Нийслэл хот буруу хөгжсөн. Намайг анх ирэхэд 500 мянган хүнтэй байсан юм шүү дээ. Тэр үед суудлын автомашин 2000 орчим л байв. Одоо тэгтэл Улаанбаатарт 600 гаруй мянга болчхоод байна шүү дээ. Үүнийг Улаанбаатар дийлэхгүй. Эрчим хүч, зам тээвэр гэх мэт бусад дэд бүтцээ ч Улаанбаатар хот дийлэхээ болиод байна. Мөн хүн амын тэн хагас нь Улаанбаатарт амьдрах болсон. Нэг талаас иргэдэд ажил олдохгүй байгаа. Нөгөө талаар залуучууд ажил голдог. Миний таньдаг бизнес эрхлэгчид “Хүмүүсийг ажилд авч чадахгүй байна” гэж байнга ярьж байна.
Орос, Хятадтай харьцуулж үзвэл Монгол Улсыг ардчиллын арал гэж хэлж болно. Мэдээж янз бүрийн дутагдал бий. Тухайлбал, мэдлэг чадвар, хариуцлагын хувьд асуудал байдаг. Монгол Улс хоёр хөрштэйгөө хамтарсан томоохон төслүүд ярьж байна. Эдгээр төсөл мэдээж хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ эдгээр төслийг хэн хэрэгжүүлэх вэ. 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дагалдан ирсэн хүмүүст бараг хоёр цагийн турш танилцуулга лекц хийсэн юм. Түүнийг тойрон хүрээлэгчидтэй ч уулзаж ярилцсан. Тэгэхэд миний анзаарснаар ОХУ-ын өндөр албан тушаалтнууд нь Монголын талаар сайн мэдэхгүй, шинжээч, мэргэжилтнүүдийг аливаа төсөл, хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртөө оролцуулахгүй байна. Тийм болохоор янз бүрийн хохиролтой алдаа гаргах тохиолдол бий. “Эрдэнэт үйлдвэр”-ээр жишээ авъя л даа. Тус үйлдвэрийн 49 хувийн хувьцаа монголчуудын гарт орсон нь сайшаалтай үйл явдал. Оросуудын хувьд маш ойлгомжгүй, цаанаа нарийн зохион байгуулалттай асуудал болов уу. Яагаад гэвэл, ашигтай үйлдвэрийн 49 хувийг бараг танихгүй залууст Монголын Засгийн газар өгөхөд бэлэн байсан шүү дээ. Түүнээс хойш үр дүн, хариуцлага харагдахгүй байна.
Өөр нэг жишээ татъя. 30 жилийн өмнө Монгол, Орос хоёр улсын дунд визийн харилцаа тогтоосон байдаг. Визээс болж Монгол Улс ч, ОХУ ч олон зуун сая ам.долларын алдагдал амссан. Үүний хариуцлагыг хүлээсэн хүн өнөөдөр байхгүй. Тухайн үед хоёр улсын хооронд визтэй болох асуудал хэрэгтэй байсан уу, үгүй юү гэдгийг холбогдох байгууллагын шинжээч, мэргэжилтнүүд нарийн судлаагүйтэй холбоотой болов уу гэж би боддог.
-Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг оросууд эсэргүүцэж буй нь манай улс хараат байдалтай байгааг илтгэх жишээ биш үү?
-Энэ усан цахилгаан станцын талаар бас л шинжээч, мэргэжилтнүүд хангалттай ажиллахгүй байгаатай холбож тайлбарлаж болох юм. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих талаарх судалгааг 40 гаруй жилийн өмнө тухайн үеийн Оросын Ленинград хотын эрдэмтэд дүгнэлтээ гаргасан байдаг юм шүү дээ. Усан цахилгаан станц байгуулах нь хэрэгтэй болно гэж зөвлөлтийн мэргэжилтнүүд ярьж байв. Гэтэл түүнээс хойших 40 жилд хоёр улс юу ярилцаж шийдвэрлэв гэдгийг монголчууд харж л байгаа. Саяхан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Москвад очоод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловтой уулзан дахиад гурван жил судалгаа хийх талаар ярилцаад ирлээ. Монголчууд тууштай байвал энэ асуудал шийдэгдэнэ гэж найдаж байгаа. Монголчуудын хувьд миний ажигласнаар дөрвөн жил тутамд яамны сайд, дэд сайд, газрын дарга нар өөрчлөгдөж, шинээр ирж буй нь ихэнхдээ юу ч мэдэхгүй байдаг. Тэр хүмүүс нь өнгөрсөн хугацаанд асуудал яаж шийдэгдэж байсныг судлахын тулд 1-2 жил зарцуулдаг. Энэ мэт байдал шууд нөлөөлдөг гэж боддог. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгж гэж Д.Одхүү даргатай байгууллага байсан. Тэнд Ленинградын эрдэмтэн, судлаачдын дүгнэлт зэрэг олон материал бий.
Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Оросын олон цахилгаан станц, тэр дундаа Эрхүүгийн станцууд бүгдээрээ хувийн өмчид байгаа. Тэгэхээр хувийн компаниуд Монголд цахилгаанаа зарах сонирхолтой байх нь ойлгомжтой шүү дээ. Орос улс биш, хувь хүн, аж ахуйн нэгжүүд ийм сонирхолтой. Монголын тал энэ мэт нарийн зүйлсийг сайтар судлах, зохицуулах, асуудал тавих хэрэгтэй. Тиймийн тулд мэдлэгтэй, чадвартай, хариуцлагатай хүмүүс ажиллах ёстой гэж бодож байна. Оросын хувьд Путин нь ч байна уу, Навальный юу, хэн ч байсан хамаагүй Монгол Улстай нягт хамтран ажиллах ёстой. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд бие биеэ сайн мэдэх хэрэгтэй. Сайн шинжээчдийг ажиллуулах ёстой, түүхээ сайн мэдэх нь чухал гэж би боддог. Бид түүхээ сайн мэдэхгүй байна.
-Түүхээ сайн мэдэхгүй байгаагийн илрэл нь Халхын голын ялалтын ойд сүүлийн жилүүдэд төдийлөн ач холбогдол өгөхгүй мэт харагдаж байж болох уу?
-Сар гаруйн өмнө Халхын голын ялалтын ойг тэмдэглэлээ. Ю.Цэдэнбал даргын үед энэ ойг хоёр улс илүү чин сэтгэлээсээ тэмдэглэж байжээ. Одоо бол нэрнээс цаашгүй гэж хэлж болмоор санагддаг. Халхын голын дайнд олон орос цэргээс гадна украин, белорусь, казах цэргүүд мөр зэрэгцэн тулалдсан юм шүү дээ. Тэдгээр үндэстэн дундаас украин, белорусь илүү олон байсан. Үүнийг хэн ч ярихгүй, мартаад байна. Ингэж болохгүй ээ.
Зөвхөн Халхын голын гэлтгүй, Эх орны дайны ялалтын талаар ч ярих хэрэгтэй. Энэ ялалт бол зөвхөн ЗХУ-ынх биш, Монголын хувьд ч ач холбогдолтой. Монголын маш том ялалт учраас монголчууд ч ирэх онд болох энэ ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх учиртай гэж би боддог. Энэ дайны үеэр монголчууд танкийн хороо, нисэх эскадриль бэлэглэж байсныг бид бүгдээрээ өнгөрсөн түүхээс мэддэг. Харин “местний” оросууд, Улаанбаатар хотод амьдарч байсан хятад иргэд танк бэлэглэж байсныг төдийлөн мэддэггүй болов уу. Түүнчлэн байлдаж байгаа цэргүүдийн ар гэртээ бичих захидлын дугтуйг монгол бүсгүйчүүд бэлтгэж илгээдэг. Цэргүүдийн ар гэрийнхэн уг гурвалжин дугтуйг фронтоос ирэхэд маш их баярладаг байсан түүх бий.
Зайсанд Солонгосын И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн гэж бий. Тус цэцэрлэгт хүрээлэнд хоёр орныхон очдог. Хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж байгааг нь ч Зайсан руу алхаж байхдаа би хардаг юм. Үүнтэй уялдуулж хэлэхэд, Монголд ЗХУ-ын 1500 эмч ажиллаж, элдэв өвчнөөс монголчуудыг аварсан. Гэсэн хэдий ч энэ эмч нарт зориулсан цэцэрлэгт хүрээлэн битгий хэл олигтойхон хөшөө ч байхгүй шүү дээ.
-Таны “Монголия была первой” гэдэг ном Монголоос Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон цэрэг дайчдын талаарх судалгааны бүтээл байсан. Ер нь энэ дайнд хэчнээн монгол хүн оролцсон байна вэ. Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан хэчнээн орос хүн цэрэгт татагдсаныг тодорхой гаргасан гэж би харсан.
-Эх орны дайнд 50 орчим монгол хүн оролцсон байдаг. Зарим нь дайнд оролцоогүй ч гэлээ тэр үед Орос улсад их, дээд сургуульд суралцаж байсан учраас янз бүрийн байдлаар оролцсон гэж хэлж болно. Жишээлбэл, энэ номд армийн генерал Б.Цог, түүний хүү Ц.Геннадий нарын дурсамж орсон байгаа. Монголд ажиллаж амьдарч байсан ЗХУ-ын 5000 орчим иргэн энэ дайнд татагдаж оролцсон. Тэдний 3000 орчим нь местний оросууд. 2000 орчим нь Монголд мэргэжилтнээр ирж ажиллаж байсан хүмүүс. Тэднээс ЗХУ-ын баатар гурван хүн төрсөн байдаг. Тэднээс 2500 орчим нь эргэн ирж ажил амьдралаа үргэлжлүүлсэн байдаг юм. Миний бодлоор энэ хүмүүст зориулаад дурсгалын самбар ч гэсэн босговол зүгээр юм гэж санагддаг. Тухайлбал, Сэлэнгийн Шаамарт орос тосгон байсан юм шүү дээ. Тэндэхийн сургуульд ч ийм самбар яагаад байрлуулж болохгүй гэж.
-Манай улсын хувьд дипломат хэллэгээр ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай гэдэг. Гэтэл өнөөдөр энэ харилцаа харилцан ашигтай байх зарчимдаа нийцэж байгаа болов уу. Манай зарим улс төрч, судлаач Монголын бараанд ногдуулж буй ОХУ-ын татвар өндөр, гадаад худалдааны алдагдал ихтэй гэж ярьж, бичдэг. Энэ талаар таны байр суурь ямар байдаг бол?
-Хэдийгээр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай гэж ярьж, бичиж байгаа боловч яг ийм байж чадаж байна уу гэдэгт би эргэлздэг. Москва-Улаанбаатарын хооронд галт тэрэг, нисэх онгоц ирж, очихоо больсон. Үүнийг иж бүрэн стратегийн харилцаа гэж хэлэх үү. Саяхан болсон В.Путиний айлчлалын үр дүнг ч бас харьцуулж ярих хэрэгтэй байна. Би социализмыг магтаж байгаа юм биш шүү. Энэ айлчлалын үеэр гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрүүд социализмын үеийн яамны дэд сайдын зиндааны хүмүүсийн л хийж байсан баримт бичгүүд гэж хэлж болно. Тийм сүрхий гэрээ, хэлэлцээр байгуулж чадаагүй гэж би бодож байгаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улс дахь айлчлалаа Халхын голын ялалтын ойг тохиолдуулан есдүгээр сарын 3-нд хийдэг. Гэхдээ хойд хөршийн Төрийн тэргүүнүүд дайн, тулаан болж байсан газар орон руу нэг ч удаа очиж байгаагүй. Яагаад тэгдэг юм бол?
-В.Путин 2000 оноос хойших хугацаанд Монгол Улсад таван удаа айлчилсан. Гэвч тэд нэг ч удаа дайны халуун цэг болж байсан Халх гол руу очиж байгаагүй. Ю.Цэдэнбал даргын үед тэрбээр хүндэт зочдын хамт бүгд Халх голд очдог байсан. Монгол, Зөвлөлтийн олон эрс халуун амь, бүлээн цусаа урсгасан энэ газар оронд очиход асуудал байхгүй шүү дээ. Онгоц, нисдэг тэрэг гээд тэнд очих унаа ч олон байна. Гэвч Монголд ирээд хүндэт харуул жагсааж, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөөд л өнгөрдөг.
-Энэ айлчлалыг гадаад, дотоодын олон ч хүн анхааралтай ажигласан. Гаагын олон улсын шүүхээс баривчлах шийдвэр гаргачихаад байхад Монгол Улс дайны гэмт хэрэгтэн гэж үзэж болох В.Путинийг ирэхэд нь баривчилж Олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэж өгсөнгүй. Энэ шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй гэж буруутгах болсон. Үүнтэй холбоотойгоор Европын зарим орны өндөр дээд хэмжээний айлчлал цуцлагдсан гэх мэдээлэл байдаг. Ер нь энэ айлчлал Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлогод хэрхэн нөлөөлөх бол?
-В.Путинийг баривчлах уу, үгүй юү гэдэгт би төдийлөн анхаарал тавиагүй. Ер нь ойлгомжтой шүү дээ, Монгол Улс ч, өөр улс орон ч байсан түүнийг баривчлахгүй л дээ. Баривчилж олон улсын шүүхэд хүлээлгэж өгөх ёстой гэдэг бол зүгээр л лоозон маягийн зүйл байсан гэж хэлж болно. Монгол Улс түүнийг баривчилсангүй гээд барууны орнууд харилцаагаа хөндийрүүлнэ гэж би бодохгүй байна. Түүнийг баривчилж Гаагад хүргэсний үр дүн ер нь юу байх вэ гэдгийг холбогдох хүмүүс нь бодож, тооцоолсон нь мэдээж хэрэг.
Миний бодоход, монголчууд баривчилж олон улсын шүүхэд хүлээлгэж өгөх ёстой, энэ тэр гэхийнхээ оронд өөр зүйлд анхаарал хандуулах ёстой санагдана. Тухайлбал, Москва маш сайн метро барьж ашиглаж байгаа. Тэд Монголын нийслэл Улаанбаатарт метро барихад хамтарч ажиллаж болох байсан. Магадгүй энэ асуудлаар ярилцаж, хөөцөлдөж буй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоохондоо үр дүн харагдахгүй байна л даа. Монгол Улс, монголчуудын хувьд Оросын Ерөнхийлөгч хэн ч байсан ялгаагүй, хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэх л ёстой гэж би түрүүн хэлсэн. Жишээлбэл, гаалийн татвар байна. Монголоос Орос руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд 20 гаруй төрлийн гаалийн татвар авдаг гэдэг. Бас төмөр замын шинэчлэл байна. Энэ бүхнийг хамтран ажиллаж шийдвэрлэх ёстой.
Мөн орос хэлний асуудал бий. Социализмын үед дунд сургуульд “Радуга” гэдэг сурах бичгийг хэрэглэдэг байсан шүү дээ. Түүнийг Орост хэвлэж өгдөг байв. Оросоос монголчуудад зориулан “Зөвлөлт холбоот улс”, “Октябрийн туяа” гээд сэтгүүлүүд монгол хэлээр хэвлүүлэн хүргэж, Москвагийн радиогоос монгол хэлээр нэвтрүүлэн цацдаг байлаа. Одоо аль нь ч байхгүй. Монгол Улсын хувьд хоёр хөршийнх нь хэл чухал шүү дээ.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний энэ удаагийн айлчлал Монголд төдийлөн үр дүнтэй биш, ач холбогдолгүй шахам болсон гэж зарим хүн хэлж байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?
-Эдийн засгийн харилцааны хувьд ямар нэгэн ач холбогдолтой зүйл харагдахгүй байна гэж би бодож суулаа. Улс төрийн хувьд В.Путин анх удаа Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн оронд айлчилсан нь түүнд болон түүний хүмүүст ач холбогдолтой байж магадгүй. Таван жилд нэг удаа ингэж ирдэг байж ямар нэгэн сүртэй үр дүн байхгүй гэж харагдаж байна. Намайг анх Монголд ирэхэд ЗХУ-ын удирдагч нь Л.Брежнев байсан. Тэрбээр Монголд хоёр удаа айлчилсан юм. Айлчлалынх нь үр дүнд хоёр оронд харилцан ашигтай, тодорхой, том төслүүд хэрэгждэг байв.
Сүүлийн жилүүдэд оросууд Монголын талаар судалгаа муутай, тууштай бодлогогүй байсан учраас харилцан ашигтай олон төсөлд оролцож чадаагүй. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойд оросууд оролцох боломж байсан ч алдаа гаргасан.
-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Сонгуулийн үр дүн Орос, Украины мөргөлдөөний ирээдүйг шийдвэрлэнэ гэж барууны хэвлэлүүд бичиж, нэр дэвшигч нэг нь ч бас дайныг зогсооход анхаарлаа хандуулахаа илэрхийлээд байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний бодлоор бол энэ сөргөлдөөн хэдэн сарын дотор намжих ёстой. Гэхдээ хэн нэгний хүслээр бус, эдийн засгийн чадавхаас шалтгаалах болов уу. Орос ч, Украин ч эдийн засгийн чадамжийн хувьд нэн хэцүү байдалд ороод байна.
АНУ-д арваннэгдүгээр сарын 5-нд сонгууль болно. Үр дүнд нь янз янзын чиг хандлага гарч ирнэ. Гэхдээ үүний дараа зарим хандлага эрс өөрчлөгдөх байх гэж бодож байна. Орос, Украины сөргөлдөөнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Зөвхөн АНУ дэврээж байна гэж үзэх нь өрөөсгөл. Бид жаахан хүүхдүүд биш. Өөрсдийн гэсэн үзэл бодол, улс төрийн бодлоготой байх ёстой шүү дээ.
В.Путин Монголд ирэхээсээ өмнө Тувад очсон. Тувагийн хүн ам 300 мянга. Энэ дайнд Тувагийн 10 000 хүн оролцож байгаа. Тэр хүмүүс маш сайн цалин, орлоготой үүрэг гүйцэтгэж байгаа юм билээ. Дайн дуусахад харин энэ 10 000 хүн гэнэт цалин, шагнал, орлогогүй болбол юу хийх вэ. Хэдэн сая рублийн орлоготой байсан хүмүүс 20-30 мянган рублийн цалинтай ажил бараг л хийхгүй болов уу. Тэгэхээр Монгол Улстай хил залгаа бүсэд янз бүрийн асуудал гарч магадгүй гэж би бодож байна.
Дайн зогсоход Оросын дотоод байдалд ч нөлөөлнө. Олон айл дайнд хүүхдүүдээ, эр нөхрөө явуулж, хэдэн сая рублийн орлоготой болж, гайгүй амьдралтай болсон. Гэхдээ дийлэнх хэсэг нь хэцүү амьдарч байна. Ер нь энэ дайн хэнд ч хэрэггүй юм.
-Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын хүрээнд ОХУ-аас БНХАУ руу тавих шингэрүүлсэн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих “Сибирийн хүч” төслийг манай орны хэрэглэгчдэд хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэхээр ярьж тохиролцсон. Энэ төсөл хэрэгжих боломжтой юм болов уу. Он удаан жил л энэ талаар ярилаа шүү дээ. Өнөөг болтол хэрэгжсэн зүйл алга. Ер нь тэгээд БНХАУ эрчим хүчний бодлогоо бүхэлд нь өөрчилж, “Ногоон эрчим хүч”-ийг эрчимтэй ашиглаж эхэлсэн энэ үед эл төсөл үр ашигтай байж чадах уу?
-Цаашдаа хэрэгжих боломжтой л юм. Гэхдээ одоогийн Оросын Засгийн газрын үед биш л болов уу. Одоо энэ төслийг хэрэгжүүлж, ажиллуулж чадах хүмүүс харагдахгүй байна.
Нөгөө талаар, хятадууд Шинжаанд байгалийн хийн том орд нээсэн, Туркменистаныг хийн гол нийлүүлэгчээр тодруулчхаад байгаа. Тэгэхээр “Сибирийн хүч-2” хийн хоолой байна уу, үгүй юү гэдэг нь хятадуудад тийм ч ач холбогдолтой зүйл биш.
-Ер нь АНУ-ын Зүүн хойд Ази руу чиглэсэн бодлого ОХУ-ын энэ бүс нутаг дахь нөлөөллийг хумихад чиглэж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Энэ бүс нутаг дахь хамгийн их аюул нь Хойд Солонгосын асуудал болоод байна. Өмнөд Солонгос, Японы тал болон эл хоёр улсын нутаг дэвсгэрт байгаа АНУ-ын цэргийн хүчин Хойд Солонгосын асуудалд санаа зовниж, анхааралтай бүгдийг ажиглаж буй нь мэдээж. Хойд Солонгосоос болж хурцадмал асуудлууд өрнөж болзошгүй гэж санагдаж байна.
Энэ үед Москва Хойд Солонгостой иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Үүнд нэг ноцтой заалт байгаа нь бие биедээ цэргийн туслалцаа үзүүлэх тухай юм. Үүнийг нь янз бүрээр тайлбарлаж болно л доо.
-Монгол судлаач хүний хувьд өнгөрсөн жил болсон Олон улсын монголч эрдэмтдийн их хуралд оролцсон байлгүй. Энэ үеэр Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч, Пенсильванийн их сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүд ерөнхий нарийн бичгийн дарга, “Чингис хаан” музейн захирал С.Чулууныг чөлөөлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсныг санаж байна. Ер нь Монгол судлалын хөгжил, чиг хандлага ямар байна вэ?
-Шууд хэлэхэд, монгол судлалыг аврах хэрэгтэй, аврах цаг болчхоод байна. Өнгөрсөн онд болсон их хурлын дараа албан ёсны ерөнхийлөгчөөр япон хүн болсон. Үүнийг Японы монголч эрдэмтэн зарим хүн таатай хүлээж авахгүй л байгаа. Тэр хүн ямар үр дүнтэй үйл ажиллагаа явуулахыг хэлж мэдэхгүй юм.
Ер нь Монгол судлалд анхаарал хандуулахгүй юм бол монголчуудын амьдрал, эдийн засгийн байдалд шууд нөлөөлнө гэж би боддог. Дипломатчид ирж 2-3 жил ажиллаад буцдаг. Монголд сууж байгаа гадаадын дипломатчид нутаг буцаад Монголыг санах уу, үгүй юү гэдгийг би хэлж мэдэхгүй. Харин Монголыг судалдаг эрдэмтэн судлаачид Монгол Улсад юу болж байна, юу нь таарахгүй талаар мэдлэг, мэдээлэлтэй болдог. Тиймээс ийм хүмүүсээ сайн дэмжих хэрэгтэй. Хятад судлаачдыг БНХАУ, солонгос судлаачдыг БНСУ, япон судлаачдыг Япон Улс маш сайн дэмжиж байгаа. Монгол Улсын хувьд мэдээж судлаачдыг дэмжиж буй ч буруу хүмүүст л боломж олгоод байна уу гэж харагддаг юм.
Монгол судлаач эрдэмтэд нас нэлээд дээр гарч байгаа. Тэдний цуглуулсан архивын баримт материалуудад чухал хэрэгтэй зүйл олон. Зарим томоохон эрдэмтний насаараа ажиллаж цуглуулсан материалууд үгүй болоод байна. Тухайлбал, Эрхүүд амьдарч байсан монголч эрдэмтэн насаараа ганц бие явсан юм. Тэр хүн таалал төгсөж, түүний цуглуулсан маш үнэ цэнтэй баримт материалууд хаана, хэнд очсон нь тодорхойгүй, алга болсон.
Энд нэг сонирхолтой зүйл ярья л даа. Дэлхийн II дайны үед АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр орос гаралтай, япон судлаач хүн ажиллаж байж. Тэр хүнээс хамаарч америкчууд Токио, Киодод атомын бөмбөг хаяагүй байдаг. АНУ-ын тал атомын бөмбөг ашиглана гэж шийдчихсэн байж. Тэд эхэндээ Японы Токио, Киодо хотод нь бөмбөг хаяна гэж тооцоолж байж. Харин япон судлаач, орос гаралтай тэр эрдэмтэн энэ хоёр хотод хэзээ ч болохгүй, япончууд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгчид зөвлөсөн юм билээ. Жирийн судлаач, эрдэмтний үгэнд ороод дээрх хоёр хотод “гар хүрээгүй” өнгөрсөн гэдэг. Монголын хувьд ч гэсэн Оросын эрдэмтэн судлаачид чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр дундаа орос эмч нар.
-Нэг сониуч гэмээр асуулт асууя. Манай парламентад зарим орныг дэмждэг лобби бүлэг байдаг шүү дээ. Түүнтэй адил Оросын Төрийн думд Монголыг дэмждэг лобби бүлэг байдаг болов уу?
-Ийм лобби бүлэг байгуулах хэрэгтэй талаар танай дарга нарт нэг бус удаа би хэлж байсан. Монголоос гаралтай, Монголд ажиллаж байсан олон хүн Орост байдаг шүү дээ. Тухайлбал, дэлхийд алдартай дуучин В.Высоцкийгийн эхнэр нь Эрдэнэтэд ажиллаж байлаа. Өнөөгийн ОХУ-ын Засгийн газрын сайд, дэд сайд нар дунд Монголоос гаралтай хүмүүс бий. Тэдэнтэй харилцаж, ярилцаж, Монголын талаар Москвагийн байр суурьт нөлөөлөх боломж байдаг. Жишээ нь, Хэнтий аймагт амьдарч байсан А.Кудрин гэдэг хүн ОХУ-ын Сангийн сайдаар ажилласан. Тэр хүн хүүхэд байхдаа Хэнтий дэх уурхайн тосгонд өссөн. Энэ мэт Монголд ажиллаж, амьдарч байсан хүмүүсээс бүрдсэн лобби бүлэг байгуулж яагаад болохгүй гэж. Ийм лобби бүлэг дэлхийн аль ч оронд байдаг. Монголын талаар мэдлэг, ойлголтгүй янз бүрийн “шушмануудтай” харилцахаар олигтой үр дүн гарахгүй.