Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Амьд хөгжмийн наадам” төрийн бус байгууллагатай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг ирэх долдугаар сарын 6-8-нд “Монгол шилтгээн” цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулах гэж буй. Тэгвэл тус наадмыг угтсан “Pre-Event”-ийг энэ сарын 30-нд буюу ням гарагт нийслэлийн төв талбайд хийхээр болжээ. Үүнд “A dawn is”, “Kade х Grey”, “The shy poopers”, “Eccession”, “Vagabond”, “Deaf cats”, “Teresa in the moon” зэрэг хамтлаг оролцож, уран бүтээлээ толилуулах нь. Энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмыг соёлын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Америк, Солонгос, Хятад, Испани, Британи, Герман зэрэг 20 гаруй орноос хамтлаг, дуучид оролцохоор урьдчилан бүртгүүлжээ.