“Эмч би
Эмчийн ёс зүй,төрийн хуулийг чандлан сахиж
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
Тангараглая
Тангараглая
Тангараглая”.
Сайхан үгтэй тангараг шүү. Даанч зарим эмч нар маань төрийн даалгавар, дарга сайд нарынхаа үзэмжээр ажиллаад үндсэн үүрэг, өргөсөн тангаргаа мартагнаад байх шиг. Үүнийгээ өчигдөр гаргасан үйлдлээрээ бат нот нотолж өглөө, нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газрын удирдлага, ажилтнууд. Өөрөөр хэлбэл, эмчийн ёс зүйгээ уландаа гишгээд, өрөвдөж энэрэх сэтгэлгүйгээр дөнгөж төрсөн эх, үрийг эмзэглүүлэн байж, ХӨСҮТ рүү шилжүүлэн тусгаарлалаа. Яг үнэндээ ганц эл эмнэлгийнхэн биш бусад эмнэлгүүдэд ч иймэрхүү хүнлэг бус үйл явдал өдөр тутам өрнөсөөр удсан гэх. Хүнд өвчтэй иргэн ХСҮТ-д хагалгаанд орох заалттайгаар хаа хол Хөвсгөлөөс ирэхэд нь гурван сая төгрөг нэхээд, боломжгүй болохоор нь “үх” гээд буцаасан тохиолдол саяхан гарсан. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмч нар эхийнхээ өврөөс гараагүй эмзэг бяцхан охиныг ковидтой хэмээн гадуурхаж, ээжээс нь салгаж, өнчрөл ганцаардлын дунд тусгаарлаад, өвчнөөр гэхээсээ илүүтэй сэтгэлээр нь үхүүлээд хорвоогоос үдчих шиг болсон. Өөд болсон хойно нь эмнэлгийн удирдлага арваадхан настай охинд их л олон төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн хэмээн хээв нэг ярьж байсныг нь харж, сонсож л байлаа. Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний төвд хүүхдээ эмчлүүлж байсан нэгэн эх манайд хэдэн жилийн өмнө хандаж л байв. Дарханд амаржсан эх хүүхдээ эмнүүлэхээр эх нялхсыг зорьж ирсэн гэдэг. Үхэл амьдралын зааг дээр байгаа нярай хүүг оношилж эмчлэхдээ энэ төвийн нэг эмч хүүхдийн ээжээс нь хагас сая орчим авсан байдаг. Хөөрхий хүү хүн болж чадалгүй эндэж энэ хорвоогоос явсан юм билээ. Хариуцлага тооцно гэж айсан уу нөгөө эмч нэхсэн мөнгөө ээжид нь буцаагаад өгсөн гэх. Монголын нийгэмд хүн эрүүл саруул, амьд явах эрх энэ мэтээр мөнгөөр хэмжигдэж байна.
Аливаа эмнэлгийн зарим удирдлага эрүүл мэндээр нь боомилон, барьцаалан байж, өвчтөнгүүдээс энэ мэтээр мөнгө аваад сурчихсан бололтой. Бусармаг булай энэ мэт үйлдлээ нуух гээд эмч сувилагч нартаа хариуцлага тооцож чадахаа байчихсан, алдаа эндэгдэл гаргах тоолонд уучлал гуйсан болоод өнгөрч байна. Өнөөдрийн үйл явдлаас энэ нь тод бөгөөд томруун харагдлаа.
Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатаар дөнгөж төрөнгүүт нь гадаа гаргаж, гамыг нь алдагдуулсан эх, үр, ар гэрийнхнээс нь уучлал гуйж, Эрүүл мэндийн сайдад хандаж, албан хаагч нарт арга хэмжээ ав хэмээн үүрэгдсэнээ дуулгав. Нохой сүүлээ, сүүл нь хонгорцгоо гэдэг шиг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хотын даргад хандаж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг ажлаас нь чөлөөлөх албан тоот өгсөн” хэмээн Улсын онцгой комиссын шуурхай хуралдааны үеэр яриад сууж байна.
Харин “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан “Eguur.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Манай эмнэлэгт эргэлт оруулахгүй байгаа. Гадуурх хувцсыг нь буцаагаад өгөөд явуулчихдаг. Тиймээс гадуур хувцсыг нь гэрээс нь авчруулах, өмсгөх боломж байгаагүй. Маш яаралтай хугацаанд тээвэрлэсэн. Тээвэрлэх явцад хандлагын болон хариуцлагын алдаа гаргасандаа уучлал гуйн сошиалд мэдээлэл тавьсан. Бид төрсөн эмэгтэй ар гэрийнхнээс уучлал гуйсан. Эх хүүхдийн эрүүл мэнд хэвийн байгаа” хэмээсэн онцолжээ. Хамгийн сүүлд нь яг голомтод нь ажиллаж, ёстой л өдөр шөнийг умартан зүтгэж өвчний голомтыг арилгахаар тэмцэж буй өнөө “муухай” ааштай, “муу” нэртэй ХӨСҮТ-ийн захирлаа цалингийн хувиар торгоод өнгөрөх гэж байгаа сурагтай. Уг нь Эрүүл мэндийн яамныхан “Өргөө” амаржих газрын удирдлага, эмч ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд тээвэрлэхдээ хууль журам зөрчсөн” гэдгийг маш тодорхой хэлсэн. Харамсалтай нь, дээрээсээ авхуулаад доод түвшиндээ эрүүл мэндийн салбарынхан ёс зүйгээр умартсан бололтой. Статистик мэдээнээс харвал эрүүл мэндийн салбарт өдгөө 55 000 орчим эмч, сувилагч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Цөөнх нь салбарынхаа бугшсан асуудлыг ярьж ад болно уу, гэхээс олонх нь дарга, даамлынхаа үгээр явж буй. Уг нь ганц нэгээрээ эсэргүүцэх бус, нийт олноороо тэмцээд эрүүл мэндийн салбарынхаа идээ бээрийг шахах сан даа, эмч нар аа.
Хуурай уучлал гуйснаараа түрий барин, өөр ямар нэг арга хэмжээ авахгүйгээр хэргийг мартагнуулах гэж улайрч байна. Уучлалыг чинь хүлээж авч чадахгүй гэдгээ ард түмэн илэрхийлж, сайн дураараа жагсаж байна. Я.Содбаатар сайд та Төрийн ордон дахь тохилог өрөөнөөсөө өрнөж буй үйл явдлыг бэлээхэн харж суугаа гэж найдъя. Талбайгаас таван алхмын цаахна Эрүүл мэндийн яам байрладаг. Талбайд цугласан ард түмний уухай, чанга яригчдын дуу Т.Мөнхсайхан сайд танд ч бас хүрч буй биз. Дэлгэцийн цаанаас уучлал гуйгаад суух биш ард түмнийхээ дэргэд ил гарч ирээд энэ үгээ хэлбэл эрх биш үнэмшилтэй сонсогдоно. Үнэндээ уучлал гуйгаад асуудал шийдэгдэхгүй. Хүний гарт баригдаж нүдэнд харагдах үр дүнг л жагсагчид нэхэж хүсээд байгаа юм. Эмнэлэгт эсэн мэнд, эрүүл саруул төрнө гээд эцсийн найдвараа тээж очсон хөөрхий бүсгүйд доромж байдлаар хандаж, эрхийг айхавтар зөрчсөн эмч нарын үйлдлийг битгий мартаарай гэж хүсье. Эс бөгөөс, хөөрхий эмэгтэйд эрүүл мэндийн групп тогтоож өгөөд үүргээ биелүүллээ хэмээн өөр зүйл рүү бидний анхаарлыг татаж мэдэх л төртэй нийгэмд амьдарч байгаа билээ, бид. Ингээд л эрүүл мэндийн салбарын сайд, дарга нар эрх ямбатайгаа үлдэж, идэж цуслах хүслээ гүйцэлдүүлж, золиосонд нь ард түмэн үрэгдсээр, хохирсоор үлдэх вий. Эмч нар минь төрд бус, өргөсөн тангарагтаа л үнэнч үлдмээр байна даа.