Махны үнэ, ханш сонирхохоор өчигдөр 10.00 цагийн үед “Хүчит шонхор” захыг зорилоо. Нийслэлд бөөний үнээр мах борлуулдаг хамгийн том тус захад өглөөгүүр жижиглэнгээр бүтээгдэхүүн худалдан авагч цөөнтэй, ажил нь дөнгөж л эхэлж байв. Харин захын хашаан дотор жижиг, дунд оврын бүхээгтэй автомашинуудаас гулууз болон бусад хэмжээтэй махнуудыг буулган, зах руу оруулж, ахиухан мах авах гэсэн иргэд эндээс худалдан авч байлаа. Тэнд хонины ястай мах нэг кг нь 9500-9800, цул нь 11 000-11 500 төгрөгийн үнэтэй байв. Харин үхрийн ястай мах нэг кг нь 11 000-12 000, цул нь 13 000 орчим, адууных 9000, ямааны мах 8500 төгрөгийн үнэтэй байсан юм. “Хүчит шонхор”-т таван жил мах зарж буй Ц.Наранчимэг “Үхрийн мах нэг кг нь 20 000 төгрөгт хүрлээ гэж цахим орчинд шуугисан. Хэрэв тийм өндөр үнэтэй болчихвол хэн авах вэ дэ. Өдгөө 8000-10 000 төгрөгийн үнэтэй байгаа богийн махыг ч их хэмжээгээр авах айл цөөхөн. Ер нь махны үнэ хоёрдугаар сараас хойш өссөөр, наадмын дараагаас буурч эхэлдэг. Тэр жишгээр л байгаа. Бид бөөний борлуулагчдаас авсан үнэ дээр кг тутамд нь 300-500 төгрөг нэмж зардаг. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр буусан ганц хоёр өдөрт махны эрэлт нэмэгдээд, бусад үед иргэдийн худалдан авах чадвар муу байна” гэлээ. “Хүчит шонхор” захаар үйлчлүүлж байсан иргэн Г.Арвин “Манайх Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутагт цайны газар ажиллуулдаг. Коронавирус тархаагүй байхад долоо хоногт 2-3 удаа ирж мах авдаг байлаа. Одоо долоо хоногт 1-2 удаа ирж мах худалдан авдаг болсон. Бензиний үнийг сүүлийн 2-3 сарын хугацаанд хэд хэдэн удаа хямдруулаад байхад мах үнэтэй хэвээр. Хөл хорионы улмаас үйлчлүүлэгч бага, хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь цайны газар ажиллуулдаг над шиг хүмүүс, иргэдэд хүндрэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
...“Өлзийт тал” компанийн бэлтгэсэн махыг борлуулдаг. Долдугаар сард мах дуусна. Одоо байгаа нөөцөө долоо хоногт 1-2 удаа, бага хэмжээгээр авчирч өгч байя гэсэн. Үнэ нь хямдавтар тул эрэлт буурахгүй байгаа” гэв. Нөөцийн махны нийлүүлэлт тасалдахгүй байгаа нь хөл хорионы улмаас энэ өвөл манай улс махны экспортоо хязгаарласантай холбоотой...
Иргэдийн энэ хаврын хүнсний хэрэгцээнд зориулж 13 000 гаруй тонн мах нөөцлөн, нийслэлд 279 дэлгүүр, худалдааны төв, супермаркетаар борлуулж эхэлсэн. Улаанбаатарт өдөрт 100, сард 3000 тонн нөөцийн мах нийлүүлэхэд иргэдийн эрэлтийг хангана гэж тооцжээ. Нөөцийн махыг гуравдугаар сарын 9-нөөс худалдаанд гаргасан бөгөөд өдгөө гурван сар өнгөрсөн ч махны нийлүүлэлт төдийлөн буураагүй гэхэд болох нь. Баянгол дүүргийн II хорооны нутагт байрладаг “Стар” хүнсний дэлгүүрт хонь, ямааны нөөцөлсөн мах 15-20 уут буюу (нэг уутандаа 3-5 кг-аар савласан) 50 орчим кг байсан ба үхрийнх нь дуусжээ. Тус дэлгүүрт 2-3 өдөрт, нэг удаа 200 орчим кг-ыг нийлүүлдэг юм байна. Нөөцийн махны эрэлт, нийлүүлэлтийн талаар дэлгүүрийн ажилтан М “Үхрийн махны үнэ шинэ махныхаас бараг хоёр дахин хямд байгаа тул эрэлт их. Гэхдээ үхрийн махыг бага хэмжээгээр нөөцөлсөн бололтой. Ханган нийлүүлж буй нийт махны 20-30 хувь нь үхрийнх байна. Юутай ч өдийд нөөцийн махыг борлуулаад дуусчихдаг боловч нийлүүлэлт нь хэвийн байгаа нь олзуурхууштай” гэв. Харин Баянгол дүүргийн иргэн Б.Ариунтуяа “Нөөцийн мах хямдавтар үнэтэй боловч бэлтгэсэн аж ахуйн нэгжээсээ шалтгаалдаг юм уу, чанар муутай. Манайх “Хархорин” захын хойд талд байрладаг нэгэн дэлгүүрээс хонины мах 25 кг-ыг авсан. Туранхай, үс хялгас ихтэй байсан. Ер нь аж ахуйн нэгжүүд намарт махаа бэлтгэдэггүй, малын тарга тэвээрэг муудсан өвлийн улиралд нөөцөлж эхэлдэг бололтой” хэмээв.
Өчигдөр, уржигдрын байдлаар Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн мах борлуулах эрхтэй “Мишээл”, “Стар”, “Вест”, “Билгүүн” зэрэг дэлгүүрээр ороход 1-2 өдрийн өмнө авчруулсан хонь, ямааны мах дэлгүүр тус бүрт 20-30 орчим кг байлаа. Харин үхрийнх нь дууссан, маргааш, нөгөөдрөөс хүргэлтээр ирнэ гэж байв. “Билгүүн” дэлгүүрийн худалдагч А “Манайх “Өлзийт тал” компанийн бэлтгэсэн махыг борлуулдаг. Долдугаар сард мах дуусна. Одоо байгаа нөөцөө долоо хоногт 1-2 удаа, бага хэмжээгээр авчирч өгч байя гэсэн. Үнэ нь хямдавтар тул эрэлт буурахгүй байгаа” гэв. Нөөцийн махны нийлүүлэлт тасалдахгүй байгаа нь хөл хорионы улмаас энэ өвөл манай улс махны экспортоо хязгаарласантай холбоотой. Тодруулбал, 2018 онд нийслэлийн хэмжээнд 12 800, 2019 онд 4000 тонн мах бэлтгэн, борлуулжээ. Тэгвэл энэ жил нөөцийн махны хэмжээ, борлуулах сүлжээг 2019 оныхоос ийнхүү гурав дахин нэмсэн аж. Үнийн хувьд кг тутамдаа 500-700 төгрөгөөр ахиу үнээр борлуулж эхэлсэн. Өдгөө үхрийн нөөцөлсөн мах нэг кг нь 7700, хониных 6700, ямааных 6200 төгрөгийн үнэтэй байна. Мөн дийлэнх дэлгүүр, худалдааны төвд үхрийн мах бага, эсвэл дууссан, богийнх элбэг байгааг худалдан авагчид хэлж буй.
Зургадугаар сарын хоёрдугаар долоо хоногийн байдлаар нийслэлд хонины ястай мах нэг кг нь дунджаар 10 400, үхрийнх 12 640 төгрөгийн үнэтэй байсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээлжээ. Энэ нь үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногийнхоосоо 260 төгрөгөөр буюу 2.1, хонины ястай махных 164 төгрөг буюу 1.6 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Харин үхрийн цул мах дунджаар 14 000, хониных 12 000 төгрөг байсан нь долоо хоногийн хугацаанд 100-300 төгрөгөөр өссөн дүн аж. Өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 8500-9000 төгрөг байсан бол “Саруул” худалдааны төвд кг нь 14 500 төгрөгөөр борлуулсан нь хамгийн өндөр дүн гэдгийг нийслэлийн Статистикийн газрын мэдээнд дурджээ. Тэгвэл Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” хүнсний захад өчигдөр үхрийн цул махыг кг-ыг нь 16 000, ястайг нь 15 000, хонины ястай махыг 12 500, цулыг нь 13 000 төгрөгөөр зарж байсан нь “Хархорин”, “Бөмбөгөр” захад борлуулж байсан махны ханшаас 500-1500 төгрөгөөр өндөр дүн юм.