Манай орны баруун бүс нутагт уул уурхай харьцангуй бага хөгжсөн ч ойрын жилүүдэд эрчимжих төлөвтэй тул “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэх хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусжээ.
Төслийн үр дүнгээс онцолбол, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 16 хувьд хүрч, нийт 6.52 сая га газар нутгийг цөлжилтөөс хамгаалж, тодорхой хугацаанд хамгаалалтад авсан байна. Мөн Завхан, Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинээр болон шинэчлэн баталж, Ховд аймгийн ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулжээ. Бас баруун таван аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бодлогод өөрчлөлт оруулсан байна. Түүгээр зогсохгүй 78 600 га газрын бэлчээрийн менежментийг сайжруулж, чацарганын талбайн 400 га талбайг сэргээж, уул уурхайн гурван төслийн 28 000 га талбайг хамгаалсан зэргээр чамлахааргүй үр дүнд хүрчээ.
Дээрх үр дүнг төрийн бус байгууллагууд цаашид тогтвортой үргэлжлүүлэх, хянах нөхцөл бүрдсэн гэж БОАЖЯ-наас мэдээлэв. Тус төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлжээ.
Ташрамд дурдахад, Монгол орны баруун бүс ховор амьтан, ургамлын амьдрах орчин, гол мөрний урсац бүхий дэлхийд ховордсон газрын нэг юм. Энэ бүс нутаг нь нүүдлийн болон хагас нүүдлийн уламжлалт аж ахуйтай 38 000 гаруй өрхийн амьжиргааг хангадаг аж. Тиймээс баруун бүс нутагт газрын доройтол үүсвэл цөлжилтийн эрчим нэмэгдэх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах, биологийн олон янз байдал хомсдох, иргэдийн амьжиргаа доройтох зэрэг эрсдэл бий болох юм.