Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 74 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож байсан түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулж Сүхбаатарын талбайд өнөөдөр хүндэтгэл үзүүлнэ.
Монгол улсын хэмжээнд нийт 180 гаруй генерал цолтон төрөн гарсан. Алтан мөрдөстнүүд маань ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.