Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумд загас үржүүлгийн лаборатори нээжээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дахь Шишгэд, Тэнгис голын бэлчирт загас үржүүлгийн лаборатори нээлээ. Хулдын овгийн тул, зэвэг, хадран загасыг уг лабораторид үржүүлнэ. Ингэхдээ нэг жилд 400-500 мянган жараахайг тэнд өсгөх боломжтой аж. Өдгөө уг лабораторид дээрх загаснуудын 230 000 түрсийг өсгөж буй гэнэ. Тэдгээрийг 2-3 см хүртэл нь бойжуулаад амьдрах чадвартай болох үед нь байгальд тавихаар төлөвлөжээ.
2024-06-10
Улсын хэмжээнд 1993 онд сургууль төгсөгчид хамтарч нэгдэл байгуулав
Дорнод аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн 1991, 1993 онд төгсөгчид санаачлан өнгөрсөн баасан гарагт“Чингис хаан” зочид буудалд уулзалт зохион байгуулж, улсын хэмжээнд тухайн онуудад төгсөгчдийн төлөөллийг оролцуулсан “Монгол 93” нэгдэл байгууллаа. Анхдугаар эл уулзалтад 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийг төлөөлөн 60 гаруй ерөнхий зохион байгуулагч оролцож, уг нэгдлийг байгуулах шийдвэрийг санал нэгтэй дэмжсэн байна. “Монгол 93” үндэсний нэгдлийг санаачилсан Дорнод аймгийн төгсөгчид залуу үедээ чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор уг нэгдлийг үүсгэн байгуулах болсноо танилцуулсан аж.
2024-06-10
Дархан цаазат Булган ууланд 16 янгир нэмж нутагшууллаа
Архангай аймгийн нутагт орших дархан цаазат Булган ууланд өчигдөр 16 янгир нэмж нутагшууллаа. Тэдгээрийг Богдхан уулнаас барьжээ. Ингээд Булган уул 31 янгиртай болов. Өнгөрсөн онд Булган ууланд 11 янгир нутагшуулж байсан юм. Шинэ төрсөн хоёр ишиг тус сүрэгт багтсан аж. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс “Янгир” төсөл санаачилж, жил бүр 10 янгирыг Булган ууланд нутагшуулахаар төлөвлөжээ. Булган уул нь энэ жил 16 дахь дархан цаазат газар болсон тул мөн тооны янгирыг нутагшуулсан гэнэ. Амьтдыг байгальд нь тавих үед орон нутгийн иргэд олноор зорин очсон байв.
2024-06-10
Хамгийн үнэтэй цэцэг нь диваажингийн шувуу
Иргэдэд экологийн боловсрол олгох, цэцгийн соёлыг таниулах зорилготой “Цэцгийн фестиваль-2024” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. “Misheel walking street”-ийн үүдээр дөнгөж орвол “Цэцгийн фестиваль-2024” гэсэн цайвар ягаан өнгийн хаяг бий. Энэ даруухан хэрнээ өнгө өнгийн цэцэгсээр хүрээлэгдсэн хаягийн цаана цэцэгт дурлагсдын ертөнц байна уу гэлтэй. Монголд анх удаа зохион байгуулсан эл фестивальд иргэд өргөнөөр оролцож буй нь илт. Үүднээсээ эхлээд л шинэхэн ургамал, анхилам цэцэгсийн үнэр ханхална. Тэнд олон төрлийн баглаа, таримал, тасалгааны болон бүх төрлийн ургамлын тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 1500 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн байв. Ихэнх нь дахин давтагдахгүй, өөр өөрийн онцлогтой ургамал аж.
2024-06-10
“Монполимет” группийн харилцах дансыг хаасан нь хууль бус гэв
“Монполимет” группийн “Тосон” үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 5-наас зогсоожээ. Үүнээс үүдэн ажилчид нь цалингаа авах боломжгүйд хүрсэн байгаа. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ынхнаас шаардлаа. Уг үйлдвэр Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт олборлолт явуулдаг. Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь хянан шалгаж буйтай холбоотойгоор үйл ажиллагааг зогсоосон гэж НПГ-аас мэдэгджээ. Үүнээс шалтгаалан компанийн харилцах дансыг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон гэнэ.
2024-06-10
Мотоциклтой зорчиж явсан иргэн аянгад цохиулж нас баржээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи хүчтэй салхилж буй. Өнгөрсөн пүрэв гарагт 17.00 цагийн үед Налайх дүүргийн нутагт нэг иргэн аянгад цохиулж нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мотоциклтой зорчиж явсан эхнэр, нөхөр хоёр аянгад цохиулснаас эхнэр нь газар дээрээ нас барсан байна. Харин нөхөр нь түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй аж. Мөн тус дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн дуудлага онцгой байдлын газарт өчигдөр 14.02 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай эрэгтэй усанд осолдсон байжээ. Алба хаагчид хоёр метр гүнтэй хиймэл нууранд 20 удаа шумбаж байж, цогцсыг нь олжээ.
2024-06-10
Америк эмч нартай хамтран тархи, нурууны мэдрэлийн мэс засал хийж байна
АНУ-ын Гэгээн Барнабасын гэмтлийн төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч тэргүүтэй, тархи, нуруу нугасны мэс заслын эмч нарын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т ажиллаж байна. Тэд гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай иргэдийг нарийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Эпилепсийн эмгэг голомт авах болон тархи, нурууны мэдрэлийн мэс заслыг УГТЭ-ийнхэн америк эмч нартай хамтран хийж буй аж. Мөн эпилепси судлаач, сэтгэл зүйч нар энэ төрлийн эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах гэнэ.
2024-06-10
Азийн физикийн олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ
Малайз улсад зохион байгуулж буй Азийн физикийн 24 дүгээр олимпиадаас манай улсын сурагчид хос хүрэл медаль хүртжээ. Мөн хоёр сурагч шагналт байрт шалгарсан байна. Тодруулбал, нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант” сургуулийн Г.Азжаргал нар хүрэл медалийн эзэн болжээ. Тэгвэл “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нар шагналт байр эзэлсэн аж.
2024-06-10
Зэвсэгт хүчний эмэгтэй офицер нэгэн гэр бүлийг галаас аварлаа
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн холбоочин офицер, дэслэгч Б.Лхамсүрэн өчигдөр нэгэн гэр бүлийг галд өртөхөөс аварлаа. Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Нисэхийн дэнжийн орчимд өчигдөр 05.00 цагийн үед явж байхдаа нэгэн айлын байшин, гэрээс утаа ихээр гарч буйг анзаарч хүрч очсон гэнэ. Гэтэл тухайн айлын байшингийн үүдний хэсэг, монгол гэрт нь гал гарч байсан тул гэр бүлийнхнийг сэрээн галын голомтоос холдуулж, онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгчээ.
2024-06-10
Нийслэл, 10 аймагт 300 гаруй сайн дурын ажиглагч ажиллана
УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторингийн талаар “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Уг сүлжээг “Нээлттэй нийгэм” форумын санаачилгаар 2008 онд байгуулж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэн ажиллаж ирсэн юм. Тэд 2008-2020 оны УИХ, 2009-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай.
2024-06-10
Нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо
Нийслэлийн Онцгой комиссын V хурал өнгөрсөн баасан гарагт болж, Улаанбаатар хотод гамшгийн шар түвшин тогтоохоор шийдвэрлэлээ. Нийслэлд ирэх долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй гэнэ. Тэр дундаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гэнэтийн, ус ихтэй, аадар бороо орох төлөвтэй учир гамшгийн түвшин зарласан аж. Үүний хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчилж, засварлахаар төлөвлөсөн байна.
2024-06-10