Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлоод байсан боловч хойшлууллаа. Уг хэрэгт холбогдсон гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Д.Дарьсүрэн, Э.Чанцалням нар хүлээн авч арванхоёрдугаар сарын 10-ны 09.00 цагт хийх захирамж гаргасан байна.
Д.Нарантуяаг ЭЭХХЗГ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулж, өөртөө болон нэг бус хүнд эдийн засгийн давуу байдал олгосон хэмээн буруутгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус газрын харьяа Эм шинжлэх лабораторид шаардлагатай 19.4 сая төгрөгөөр үнэлэгдэх бараа, материалыг 2022 оны арванхоёрдугаар сард мэс заслын өвчний оношилгоо, эмчилгээ, эм барих, төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Санцо мед” ХХК-иас худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж гэрээ байгуулсан гэдэг. Улмаар тус аж ахуйн нэгж рүү мөнгийг нь шилжүүлж, иргэн Ч.Болдбаатарт 2.9, А.Болор-Эрдэнэд гурван сая гаруйг нь өгөөд өөрөө үлдсэн 11.5 саяыг нь авсан хэрэгт эл гурван хүнийг яллагдагчаар татаад байгаа юм.