Дорнод аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн 1991, 1993 онд төгсөгчид санаачлан өнгөрсөн баасан гарагт “Чингис хаан” зочид буудалд уулзалт зохион байгуулж, улсын хэмжээнд тухайн онуудад төгсөгчдийн төлөөллийг оролцуулсан “Монгол 93” нэгдэл байгууллаа. Анхдугаар эл уулзалтад 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийг төлөөлөн 60 гаруй ерөнхий зохион байгуулагч оролцож, уг нэгдлийг байгуулах шийдвэрийг санал нэгтэй дэмжсэн байна. “Монгол 93” үндэсний нэгдлийг санаачилсан Дорнод аймгийн төгсөгчид залуу үедээ чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор уг нэгдлийг үүсгэн байгуулах болсноо танилцуулсан аж. 21 аймгаас тус бүр нэг төлөөллийг сонгон “Монгол 93” нэгдлийн Удирдах зөвлөлийг бүрдүүлэн ажиллах гэнэ. Мөн“Оюунлаг 93”, “Хүмүүнлэг 93” арга хэмжээг зохион байгуулах, байгаль орчинд ээлтэй, бүтээлчээр хамтрах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, төгсөгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, нөхөрсөг харилцаа холбоо үүсгэн үйл ажиллагаа явуулах юм байна.