АНУ-ын Гэгээн Барнабасын гэмтлийн төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч тэргүүтэй, тархи, нуруу нугасны мэс заслын эмч нарын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т ажиллаж байна. Тэд гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай иргэдийг нарийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Эпилепсийн эмгэг голомт авах болон тархи, нурууны мэдрэлийн мэс заслыг УГТЭ-ийнхэн америк эмч нартай хамтран хийж буй аж. Мөн эпилепси судлаач, сэтгэл зүйч нар энэ төрлийн эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах гэнэ.
Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т япон эмч нар ажиллаж байна. УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төв болон Японы Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасаг хамтран төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уушги, харшил судлалын төвийн залуу эмч нар орчин үеийн эмчилгээ, оношилгооны технологийг санаачлан төсөл бичсэн нь ийнхүү ажил хэрэг болсон байна. Манай улс тоосжилт, агаарын бохирдол ихтэй учраас уушгины эмгэгтэй хүмүүс жилээс жилд нэмэгдэж буй гэнэ. Тэр тусмаа уушгины хавдар, халдварт болон халдварт бус өвчин ихэссэн талаарх судалгааны дүнг япон эмч нарт танилцууллаа.
Бэлтгэсэн Ч.Болор