Эко автомашин импортлогчдын болон Авто худалдаа, автомашины бизнес эрхлэгчдийн холбооныхон өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Улаанбаатарт олгох автомашины дугаарыг 730 мянгаар хязгаарласантай холбоотойгоор тэд өнгөрсөн долоо хоногт жагссан юм. Гэтэл хариуд нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй. Энэ хүмүүс монгол төгрөгийн ханшийг хамгийн их сулруулж байна” гэсэн билээ. Хотын дарга автомашины бизнес эрхлэгчдийг ийнхүү бүдүүлгээр гутаан доромжилсныхоо төлөө уучлал гуйх ёстой гэж дээрх хоёр холбооныхон шаардсан.
Эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав “Амьдралд нийцэхгүй хууль, журам гаргаснаа эргэн харах шаардлагыг л бид хотын удирдлагад тавьсан. Улаанбаатарын дугаар олгохыг хязгаарлах шийдвэрт харин ч хүлээцтэй хандаж, биднээс санал авч, хамтран ажиллах хүсэлтээ холбогдох албаныханд удаа дараа хүргүүлсээр ирсэн. Гэтэл хотын дарга автомашины бизнес эрхлэгчдийг маш бүдүүлгээр гутаан доромжлох боллоо. Түгжрэлийн шалтгаан нь автомашин биш. Харин хотыг удирдсан хүмүүсийн буруутай үйлдлээс л шалтгаалсан шүү дээ” гэв.
Түүнчлэн Авто худалдаа, автомашины бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн П.Ганцоож “Нийслэлийн Засаг дарга биднийг татвар төлдөггүй, халтар ченжүүд гэж доромжилсон. Энэ бол төрийн албан тушаалтнаас гарах үг яавч биш. Бид автомашин импортолж, борлуулахдаа нэмүү өртгийн, гаалийн, онцгой албан татвар зэргийг төлж, хууль ёсны дагуу бизнес эрхэлдэг” хэмээлээ.