Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц (ХЭК)-ыг баталсан эл өдрийг 2017 оноос хойш дэлхийн нийтээр ийн тэмдэглэж, бяцхан иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлуудад нь олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. Монгол Улс ХЭК-д 1990 онд нэгдсэн. Тус конвенцоор хүүхдийн иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, эрүүл мэндийн тухай эрхийг нь баталгаажуулсан байдаг. Ингэснээр бид олон улсын эрх зүйн энэхүү дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй болсон гэсэн үг. Харамсалтай нь, манай улс Дэлхийн хүүхдийн өдрийг жил бүр тийм ч сайн үзүүлэлттэй угтдаггүй. Өнөө жилийн тухайд ч ялгаагүй, ХЭК-ын зургаадугаар зүйлд заасанчлан хүүхдийн жам ёсны амьд явах эрхийг нь төдийлөн хангахгүй, амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог нь бүрдүүлж өгч чадахгүй л байна. Үүний нэг баталгаа болсон нялхсын, тэр дундаа тав хүртэлх насны хүүхдийн өвчин, эндэгдлийн талаар хөндье.
Ураг угаартаж, өсөлтгүй, амьгүй болох нь олшров
Нэг хүүхэд эндвэл эмгэнэл, олноор нас барвал энэ нь статистик болдгийг эмч нар хатуу ч гэлээ үргэлж сануулдаг. Монгол хүүхдийн эрүүл мэнд, амь нас эдүгээ энгийн л нэг статистик болчихсон хэрэг. Олуулаа болох мөрөөдөлтэй Монголын минь ирээдүй болсон хүүхдүүд хэвлийдээ олноороо бүтэж, дутуу, эсвэл амьгүй төрөх нь жилээс жилд олширч. Түүгээр ч зогсохгүй утаа нь эхийн хэвлий дэх ургийн тархины хөгжилд нөлөөлж, аажимдаа хүүхдийг сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлттэй болгож буйг олон улсын эрдэмтэд нотолсоор байна. Тэр дундаа манайд нярай, нялхсын өвчин, эндэгдэл сүүлийн жилүүдэд огтхон ч буурсангүй. Тав хүртэлх насны 2000 гаруй хүүхэд жил бүр эндсэн хэвээр. Мөнхийн дайн байлдаантай улс орнуудад ч ийм эмзэглэм үзүүлэлт цөөн аж.
Хамгийн гол нь тав хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн шалтгааны 75-88 хувийг сэргийлж болох нас баралт эзэлдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ), Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн олон судалгаанаас харж болно. Өөрөөр хэлбэл, манай улс сэргийлж болох өвчнөөр ирээдүй болсон үрсээ олон мянгаар нь “алддаг” гэсэн үг. Тэр дундаа утааны улиралд ураг зулбаж, өсөлтгүй болох, мөн амьгүй төрөх нь олширсоор буй. Улаанбаатар хотод гэхэд л хавар, зун, намарт ураг зулбах тохиолдол 1000 төрөлтөд 20-23 бүртгэгддэг бол утааны улиралд буюу 10-2 дугаар сард энэ үзүүлэлт 70-80-д хүрдгийг ЭХЭМҮТ-ийн “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа”-нд онцолжээ. Өөрөөр хэлбэл, хэвлийдээ эндэх ургийн тоо өвөл нь зунаасаа 3-4 дахин нэмэгддэг гэсэн үг.
Жирэмсний 12 хүртэлх долоо хоногт ураг амьгүй болохыг өсөлтгүй, 13-22 долоо хоногтойдоо эндэхийг зулбасан гэж үздэг байна. Харин жирэмсний 22 долоо хоногтойгоос дээш бол амьгүй төрөлтөд бүртгэдэг. Ерөнхийдөө жирэмсний 23-37 долоо хоногт эх амаржвал дутуу төрөлт, түүнээс дээших хугацаанд нярайлбал ургийг гүйцэд тээсэнд тооцдог. ЭМХТ-ийн өнгөрсөн оны судалгаагаар 344 амьгүй төрөлт бүртгэгджээ.
Манайд ураг зулбах, өсөлтгүй болох, цаашлаад жирэмсний хугацаанд эрүүл бойжиж байгаад төрөхдөө амьгүй болчихдог нь дээр дурдсанчлан улирлын чанартай тохиолдож байгааг эмч нар ч хэлсэн. Тодруулбал, өвөл хотын агаарт хүчилтөрөгч үйлдвэрлэгдэх нь багасаж, эсрэгээрээ утаанд агуулагдах нүүрсхүчлийн хий оргилдоо хүрдэг байна. Ураг хэвлийдээ бүтдэг үйл явц нь цусаар тээвэрлэгдэж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассантай шууд холбоотой аж. Өөрөөр хэлбэл, угаараас болж эхийн цусны эргэлт саатаж, хүчилтөрөгч тээвэрлэгч улаан эсийн тоо буурдаг. Ингэснээр урагт агаар зөөвөрлөж чадахаа больдог гэнэ. Ураг хэвлийдээ угаартдаг шалтгааны нэг нь энэ.
Өнгөрсөн онд тав хүртэлх насны 1754 хүүхэд энджээ
Дэлхийн хамгийн бохир хотод арайхийн мэндэлсэн нялхсыг бас л аймшигтай орчин нөхцөл, өвчин зовлон хүлээж байдаг нь харамсалтай. Өнгөрсөн онд зөвхөн нярайн өвчлөлийн 30 913 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь мэндэлсэн нийт хүүхдийн 50 орчим хувийг эзэлж буй юм. Дөнгөж төрсөн хоёр хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдвар, тэр дундаа уушгины үрэвсэлт өвчинд шууд өртөж байгаа нь эмзэглэмээр. Энэ нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг болж буйг ЭМХТ-ийн судалгаанд дурджээ. Ялангуяа нярайн нас баралтын түвшин бүсийн орнуудын дунджаас өндөр, сүүлийн жилүүдэд төдийлөн буурахгүй байгаад эмч, судлаачид санаа зовниж, ярихаас цаашгүй байгаагаа учирласан.
Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгааныг амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлсэн хэвээр. Үүний дотор гүйлсэн булчирхайн үрэвсэл, амьсгалын цочмог гууртас, томуу, томуу төст өвчин жин дарна. Ялангуяа уушгины хатгалгаа 45, амьсгалын цочмог хам шинж 20 орчим, гүйлсэн булчирхайн үрэвсэл 14 хувийг эзэлдэг. Мөн бронхит болон астма энэ насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлаж буй юм. Тодруулбал, ЭМХТ-ийн судалгаанд Монголд нялхас болон тав хүртэлх насны 10 мянган хүүхэд тутмын 5000 нь амьсгалын замын халдварт өвчинд өртдөг гэжээ.
Улсын хэмжээнд 2023 онд нялхас (нэг хүртэлх)-ын эндэгдэл 793 бүртгэгдсэн бол 1-5 хүртэлх насандаа 961 хүүхэд эндсэн байх жишээтэй. Зулбасан, өсөлтгүй болсон, амьгүй төрсөн тохиолдлыг тооцохгүйгээр тав хүртэлх насны 1754 иргэнээ бид “буцаав”. Үүнд өнөөх л агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал голлон нөлөөлсөн аж.
Монголын төр ирээдүйн иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг энэ мэт эхийн хэвлийд байхаас нь эхлэн зөрчдөг. Хорт утаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буйг ЭХЭМҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийнхны “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд” судалгаа ч хэдийн баталчихсан. Тус судалгаанд “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулж, ураг амьгүй болон дутуу, жин багатай төрөх, цаашлаад амьсгалын замын архаг өвчин, уушгины хатгалгаагаар хязгаарлагдахгүй, амийг нь хүртэл авч одох болсон”-ныг тодоор тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, хүний эрүүл мэндэд онц ноцтой хор хөнөөл учруулах хэмжээний бохир орчинд амьдарч буй хүүхдүүд, тэр дундаа тав хүртэлх насныхан уушгины үрэвсэл, амьсгалын замын архаг өвчинд нэрвэгдэн, богино хугацаанд хүндэрч, нас барж буйг онцолсон.
Өвөл аюулын түгшүүр зарладаг болъё
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс саяхан танилцуулсан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024”-т Монгол Улсын нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэл 11.2 тоннд хүрч, хүлэмжийн хийн ялгаруулалт 1990 оныхоос 59.6 хувиар өссөнийг дурджээ. Улаанбаатар хотын хүүхдүүд гуурсан хоолойн үрэвсэлт өвчинд өртөх нь орон нутгийн багачуудаас 5-15 дахин олон байгааг ч мэдээлсэн. Мөн уушгины хатгалгаагаар эндсэн таван хүн тутмын нэг нь 0-5 насныхан байгааг тогтоов. Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн эдийн засгийн хохирол 2022 онд 1.15 тэрбум ам.долларт хүрснийг мөн олон нийтэд зарлалаа.
Манай улсын эрүүл мэндийн салбарын нийт зардал 2021 онд их наяд төгрөг байсан бол ирэх жил эл үзүүлэлт дөрвөн их наяд хол давахаар төсөвт тусгаад байгаа. Үүний дийлэнхийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал эзэлж буй. Энэ мэт эрүүл мэндийн салбарын зардал 3-4 дахин нэмэгдсэн ч чанар, хүртээмж нь сайжирсангүй, хүүхдийн өвчин, эндэгдэл ч буурсангүй.
Дэлхийн хамгийн хүйтэн, агаарын бохирдол ихтэй манай нийслэлд НҮБ-ын Хүүхдийн сангийнхан “ХЭК-д зааснаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авах, тэр дундаа Улаанбаатар хотын утаа багасаж, хорт чанар нь бууртал хүүхдүүдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулах, амны хаалт үнэгүй тараах, эрсдэлтэй бүлгийн багачуудад шаардлагатай эм, тариагаар үйлчлэх, өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах, өвөл аюулын түгшүүр зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” хэмээн зөвлөж буй.
Нярайн эндэгдлийг бууруулна гэв
АНУ-ын Чикаго хотын их сургуулийн Агаарын чанарын газрын судалгааны багийнхан хорт утааны улмаас хүний нас дунджаар 1.8-2 жилээр хорогдож буйг аль эрт мэдээлсэн. Тиймээс 2000 оноос хойш хүүхдийн амьдрах орчин, чадварыг дээшлүүлэхэд гаргасан дэлхийн улс орнуудын ахиц дэвшил нь тав хүртэлх насны 50 сая гаруй хүүхдийн амийг аварсан гэсэн судалгаа бий. НҮБ 2030 он гэхэд хүүхдийн эндэгдлийг 10 саяар бууруулах шаардлагыг гишүүн орнууддаа тавиад буй. Харин манай улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ болон өнөөгийн бодит нөхцөл байдлаас харвал нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт олон улсад зөвшөөрөх хэмжээнд хүрч буурах найдлага тун бага. ЭМЯ-ныхан ямартай ч хэдхэн хоногийн өмнө нярайн өвчин, эндэгдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөг хэлэлцсэн. Энэ үеэр салбарын сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй албаныхан 2028 он гэхэд нярайн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 5.5 болгон бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргав.
Хүүхдийн сэргийлж болох өвчин, эндэгдлийг нэн тэргүүнд бууруулж, нас баралтыг багасган, цаашлаад бүрмөсөн таслан зогсоох Тогтвортой хөгжлийн зорилтуудаа бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид яаралтай эргэн санах шаардлагатай байгааг дээрх баримтууд илтгэнэ. Тодруулбал, Монгол Улс нь ДЭМБ, НҮБ-ын гишүүн орны хувьд холбогдох Мянганы, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн хүрэх доод түвшнийг тодорхойлж, түүндээ хүрэхээр ажиллаж буй. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд энэхүү үүргээ биелүүлж чадсан бил үү.
Эрх баригчдыг зорилгодоо хүрдэггүй хөгжлийн талаар ярьж байх зуур агаар, хөрсний бохирдлоос улбаатай ургийн гажиг, хүүхдийн хавдар ч “гүйцэгдэхээ” болилоо. Цусны эмгэг, нүд, чих, нүүр, амны согог, уруул, тагнайн сэтэрхий, зүрх, судас, хоол боловсруулах, амьсгалын эрхтэн тогтолцооны гажигтай хүүхдийн тоо жил бүр мянга мянгаар нэмэгдсээр.
Гэтэл үүний нөгөө талд төрөлт эрчимтэй буурч, жилд 60 мянга хүрэхгүй хүүхэд л мэндэлдэг болов. Жилд 80-100 мянгаар нэмэгддэг байсан хүн ам ийнхүү “цонх үе”-тэйгээ нүүр туллаа. 3.5 саяулахнаа атал тухайлбал тав хүртэлх насны хүүхдүүдээ сэргийлж болох өвчнөөр ийнхүү хоёр, гурван мянгаар нь “алдсаар” л байх уу.
ХЭК-ын 24 дүгээр зүйлд улс орнуудыг эрүүл орчин бүрдүүлэх, эмчлэн, эдгэрүүлэх замаар хүүхдийн эрхийг хангахыг заасан. Ингэхдээ нялхсын болон хүүхдийн эндэгдлийн түвшнийг бууруулах, хүрээлэн буй орчны бохирдол, эрсдэлийг арилгах, хоол тэжээл, эмнэлгийн үйлчилгээг нь тасалдуулахгүй, эрүүл ахуй, амьдрах орчны ариун цэврийг нь сахин хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг аажмаар авч, бүрэн хэрэгжүүлнэ гэснийг эрх баригчдад эцэст нь сануулах нь зүйтэй болов уу.