МУИС залуу эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2024” буюу “NUM Startup” хөтөлбөрийнхөө албан ёсны шалгаруулалтыг Багш оюутны хөгжлийн төвд амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Энэ удаагийн шилдгээр МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Э.Пүрэвдалай удирдагчтай “M-Col” баг “Ногоон дөл” төсөл 12 сая, дэд байрт МУИС-ийн ШУС, Биологийн тэнхим, Хүнсний шинжилгээний лаборатори Г.Оюундэлгэр удирдагчтай “MOUTHWOOD” баг “Lactoslim” төсөл 10 сая, гуравдугаар байрт МУИС, Инженер Технологийн сургууль, Нано материал судлалын лаборатори дэд профессор Ж.Болдбаатар удирдагчтай “SQUADRON” баг “Hydroband Шархны гелин наалт төсөл шалгарч найман сая төгрөгөөр төслөө хэрэгжүүлэх эрхээ авлаа. Уг хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ өдөр залуу эрдэмтэн судлаач, багш, оюутнуудын оюуны их өрсөлдөөн болсон инновацийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг бүтээлийн эздэд гарааны тэтгэлэг олгож, төслийг хэрэгжүүлэх эрх олголоо.
“NUM Startup” хөтөлбөр нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлттэй уялдуулах, салбар дундын судалгаанд багш оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжиж байгааг эрдэмтэн багш нар, судлаач оюутан залуус хэллээ. “Рио Тинто Монгол” компани энэ хөтөлбөрийг 2020 оноос дэмжиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 75 багийн 525 багш, оюутан хамрагдаад байна. Хөтөлбөрт оролцсон багуудаас жил бүр эхний гурван байрыг шалгаруулж, МУИС-аас гарааны санхүүжилт олгодог ажээ. Өнөөдрийн байдлаар 21 багт 183 сая төгрөг олгоод байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Стартап хөтөлбөрийн үр дүнд МУИС-ийн дэргэд долоон гарааны компани байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаагаас “Гарааны Эм Би Пи Лаб”, “Гарааны дижитал солюшнс”, “Гарааны Creativision”, “Гарааны Мон Био Про” “Ниргэ системс” компани зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад байна. “NUM Startup” хөтөлбөр, багш оюутнуудынхаа судалгааны бүтээлийн ачаар МУИС дэргэдээ хатуу, шингэн, тосон гэсэн суурь бүтэцтэй үйлдвэрлэлийн гурван цех шугам байгуулан ажиллаж байгааг МУИС-ийн Шинжлэх ухаан-технологийн “Улаанбаатар” паркийн захирал О.Мөнхбат хэлж байв. Мөн хөтөлбөрийн хүрээнд багш, оюутнуудын хоёр бүтээгдэхүүн зөвшөөрөгдөн гарчээ.