Нийслэлийн Онцгой комиссын V хурал өнгөрсөн баасан гарагт болж, Улаанбаатар хотод гамшгийн шар түвшин тогтоохоор шийдвэрлэлээ. Нийслэлд ирэх долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй гэнэ. Тэр дундаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гэнэтийн, ус ихтэй, аадар бороо орох төлөвтэй учир гамшгийн түвшин зарласан аж. Үүний хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчилж, засварлахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилго тавьжээ. Мөн үер буудаг жалга сайр, гол, горхины урсац хаасан, голдирол өөрчилж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулах аж. Бас хотын суурьшлын бүс дундуур урсдаг Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж, урсцыг сайжруулах, эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 163.6 км далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 4007 байдаг. Мөн замын ус зайлуулах 209, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ бий. Гэвч эдгээрийн 67 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан тул шинэчлэн сайжруулах шаардлага тулгараад байгаа юм.
Бэлтгэсэн Ч.Зул