Арваннэгдүгээр сарын 20-ны лхагав гарагт Украины Зэвсэгт хүчин Их Британийн “Storm Shadow” пуужингаар ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өглөө.
Одоо байгаа мэдээллээр Курск мужийн бүс нутаг халдлагад өртсөн бөгөөд тодруулбал, Марьино тосгонд руу 12 пуужин харважээ.
"Военное дело" Telegram сувгийн мэдээлж буйгаар, Курск мужид 19-р зуунд баригдсан хунтайж Барятинскийн удмын түүхэн эдлэн газарт байрладаг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Марьино сувиллын газарт цохилт өгсөн байж магадгүй байна.
Украины хэвлэлүүлэд бичсэнээр Курск муж дахь Оросын цэргийн газар доорх нууц командлалын хэсэгт цохилт өгсөн бөгөөд тэнд БНАСАУ-ын генералаар удирдуулсан Хойд Солонгосын цэргийн албан хаагчид байжээ.
Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Британийн алсын тусгалтай "Storm Shadow" пуужингаар ОХУ-ыг нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрсөн нь тодорхой болсон гэж Bloomberg мэдээлэв.
Харин Ерөнхий сайд Кейр Стармераар ахлуулсан Их Британийн Засгийн газрын танхим Оросын эсрэг "Storm Shadow" пуужин ашиглах талаар албан ёсны мэдэгдэл хийхээс татгалзсан байна.