- Л.Оюун-Эрдэнэ одоогоор 10 гаруй газар, зөвлөл, үндэсний хороо байгуулаад байна -
АНУ Засгийн газрынхаа зардлыг 30 хувиар хасаж, 400 агентлагаа 99 болгон цөөрүүлэх гэнэ. Тус улсын Ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон Дональд Трамп хэмнэлтийн чиг үүрэгтэй яам байгуулж, түүнийгээ “Тесла”-гийн үүсгэн байгуулагч Элон Маскаар удирдуулахаар болсонтой холбоотойгоор ийм мэдээллүүд сүүлийн үед гарах болсон билээ. Америк бол 300 сая гаруй хүн амтай том гүрэн. Гэтэл манай улсын 3.5-хан сая хүнд хэтэрхий томдсон Засгийн газар нь ачааллаа дийлэхгүйд хүрснээ гайхан гоншигноцгоох болов. Наад зах нь л яам бүрд дэд сайд, заримд нь бүр 2-3 “орлогч” томилохоор ярьж эхэлсэн. Бас төсвийн зардлыг илт нэмж, татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийнх юм шиг л зарцуулахаар улайран зүтгэсээр байна. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дараа бүрдүүлсэн хамтарсан Засгийн газар 23 сайд, 16 яамтай. Түүгээр зогсохгүй түүхэнд байгаагүй олон буюу 41 агентлагтай. Гэсэн ч бүтцээ улам томруулж, тойрон хүрээлэгч бүрдээ даргын албан тушаал “бэлэглэдэг” болох юм гэнэ.
“Алсын хараа-2050”-иа хүртэл даргатай болгожээ
Хэрэгжүүлдэггүй төлөвлөгөө, бичиг цаасанд зориулсан бүтэц, дарга бий болгодог Засгийн газар бидний “дээр” байна. Жишээ нь, “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хороог Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 24-ний 09 дүгээр тогтоолоор байгуулжээ. Хорооны дарга нь Ерөнхий сайд. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, сайд нар зэрэг 30 хүн байдаг. Хороо нь 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын албатай бөгөөд дарга нь Ж.Тана. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байснаар нь түүнийг олон нийт мэднэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилж, 2020 онд буюу дөрвөн жилийн өмнө баталсан ч хэрэгжүүлээгүй, уриа лоозонгийн шинжтэй “Алсын хараа-2050” цаасан дээрхээсээ “халиад”, дарга нарыг тэжээгч эх үүсвэр болон хувирсныг эндээс харж болно.
Уг нь “Алсын хараа-2050”-д нь “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан, иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх” гэсэн зорилт тусгасан байдаг. Гэтэл төрийн бүтцийг хумих ёстой баримт бичиг нь эсрэгээрээ төрийн албыг томруулах хүчин зүйл болсон гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх цаас, бас нэгэн мөрөөдлийн жагсаалтад зориулж “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” хэмээх сүржин нэртэй улсын төсөвт үйлдвэрийн газрыг 2022 онд байгуулсан туршлага бий. Гоё нэртэй эл газар бараг гурван жил үйл ажиллагаа явуулсан ч сэргэж хөгжсөн салбар манайд огт үгүйг бизнесийн орчин, иргэдийн аж амьдрал хангалттай нотолно. Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газар, Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар, Захиргааны удирдлагын хэлтэстэй, 30 ажилтантай тус байгууллага өнгөрсөн онд хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй байсан. Төсвийн дийлэнхийг нь урсгал зардалдаа зориулаад дуусжээ. Харин энэ онд төсөв нь 19.1 тэрбум төгрөг болж, бараг 10 дахин нэмэгдэв. Ямар ч бүтээмжгүй, юу хийгээд байгаа нь ойлгомжгүй эл төв нь “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, оролцогч байгууллага, салбарын үйл ажиллагааны уялдааг хангах, тэдгээрт мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх” гэсэн чиг үүрэгтэй гэнэ. Хамгийн аймшигтай нь, Засгийн газрын “галзуурал” энэ хүрээд дуусахгүй. Дээр дурдсан жишээнүүд нь мөсөн уулын орой төдий юм.
Гоё нэрүүдийн жагсаалт
Гурван намын хамтарсан, түүхэнд байгаагүй “данхар” Засгийн газар өнгөрсөн долоодугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойших хугацаанд 10 гаруй газар, зөвлөл, хороо зэрэг шинэ бүтэц бий болгоод байна. Гурван сар буюу 100 гаруй хоногт бөөндөн нээсэн байгууллагуудынх нь дотор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж бий. 25 орон тоотой энэ газар төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, санхүүгийн бүртгэл, тайлан болон хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.
Бас “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулжээ. “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”-г өнгөрсөн наймдугаар сард нээсэн бөгөөд түүнээс хойш улсаас 1.6 тэрбум төгрөгийн төсөв аваад байгаа. 40 хүн ажиллуулахаар орон тоог нь баталсан. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй эл газрынхан одоогоор ажлын байрны түрээс, программ хангамж зэрэг урсгал зардалд татвар төлөгчдийн мөнгийг үрээд л сууж буй. “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрыг мөн л өнгөрсөн наймдугаар сард байгуулсан бөгөөд 35 хүний орон тоотой байхаар Засгийн газрын тогтоолд дурджээ. Гол чиг үүрэг нь хөгжлийн асуудлаар судалгаа хийх юм гэсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”, “Үндэсний хөгжлийн хүрээлэн”, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” гэх мэтээр салбарласан энэ бүтцээс чиг үүргийн давхардал ямар их байгааг та бүхэн хараад ойлгох биз.
Шинэ Зуунмод хэмээх байгуулаагүй, ер нь байгуулах, эсэх нь ч эргэлзээтэй хотод зориулж одоогоор Шинэ Зуунмод хотын Захирагчийн ажлын алба, “Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац” компани байгуулаад байна. Захирагчийн ажлын албыг нь л гэхэд есөн хэлтэс, албатай, нийт 61 хүн ажиллуулахаар төлөвлөсөн. “Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац” компани байгуулах шийдвэрийг өнгөрсөн сарын 2-нд гаргасан бөгөөд хэзээнээс үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй.
Эдгээрээс гадна Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх, Аж үйлдвэржилтийн гэсэн таван үндэсний хороог шинээр байгуулав. Мөн нийслэл болон аймаг бүрд Теле камерын дэд төв байгуулах шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сарын 18-нд гаргасан байна. Эдгээр нь зөвхөн гоё нэрүүдийн жагсаалт биш. Бас ямар ч “гэмгүй”-гээр оршин тогтнох байгууллага ч биш. Харин та, бидний төлсөн татварын мөнгийг уух, салхинд хийсгэх, залгих эх үүсвэр гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн “өндөглөсөн” байгууллага, бүтцийн тоо энэ хүрээд дуусахгүй, цаашид ч нэмэгдсээр байх биз ээ. Мэдээж үүнийг дагаад төрийн албан хаагчдын тоо ч өснө.
Хувийн хэвшлээс том ажил олгогч бол Засгийн газар
2021 онд төрийн албан хаагчийн тоо 208 864 байж. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 228 820 болж, гурван жилийн дотор бараг 20 мянгаар нэмэгджээ. Энэ бол манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлдэг таван хүн тутмын нэг нь төрд ажилладаг гэсэн үг. Цаашлаад нийт хүн амын бараг долоон хувийг төрийн албан хаагч эзэлж байна. Энэ нь 15 хүн тутмын нэг нь төрд алба хашиж байгаа хэрэг.
Албан хаагчаас гадна төрийн байгууллагуудын тоо ч нэмэгдсээр буй. Тухайлбал, улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар төрийн 4232 байгууллага ажиллаж байж. Тэгвэл энэ оны III улирлын байдлаар байгууллагын тоо 4271-т хүрч, 39-өөр нэмэгджээ. Эдгээр байгууллагын 80, албан хаагчдын 90 гаруй хувь нь Засгийн газрын харьяаных. Товчхондоо, Засгийн газар бол манай улсын хамгийн том ажил олгогч юм.
Төрийн алба ийм том бүтэцтэй атлаа бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөрт ирэх онд 1.9 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь олон хүний шүүмжлэлд өртөөд байгаа. Уг дүн нь энэ оныхоос 2.5 дахин нэмэгдсэн тоо гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өмнө нь мэдээлсэн. Хамгийн ноцтой нь, энэ хэмжээний мөнгөөр ямар ажил, үйлчилгээ хийх нь тодорхойгүй, нарийвчилсан задаргаа байхгүй гэдгийг тэрбээр шүүмжилсэн билээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний зардал энэ онд 450 тэрбум байсныг ирэх жил 960 тэрбум төгрөг болгож нэмэхээр төсөвт тусгасан. Бөөнөөр нь байгуулсан газар, бүтцийг тохинуулах, дарга нарын суух өрөөг тохижуулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зэрэгт л дээрх мөнгийг урсгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, орон нутагт, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж авах мөнгө тусгаагүй атал нийслэл дэх төрийн байгууллагуудад тавилга, хэрэгсэл авах төсөв хэрээс хэтэрснийг иргэд одоо ч шүүмжилсээр байна.
Хэмнээгүй хэмнэлт
2022 оны есдүгээр сарын 23. Засгийн газар хуралдаж, зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдээлж байв. Үүний хүрээнд байнгын бус үйл ажиллагаатай 22 хороо, зөвлөлийг татан буулгасан бол зургааг нь нэгтгэжээ. Ингээд 29 үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөл ажиллуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаснаа сүржин гэгч нь мэдээлсэн. Гэвч түүнээс хойших хоёр жил гаруйн дараа эргэн харахад, Засгийн газар үнэндээ хэмнэж, цомхотгоогүй, харин ч үндэсний хороо, зөвлөл, комиссынхоо тоог буцаагаад нэмчихэж.
Тухайлбал, Засгийн газраас хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 7-нд гаргасан 21 дүгээр тогтоолоор үндэсний хороо, зөвлөл, комиссын тоог 45 болгов. Үүнээс 12-ыг нь Ерөнхий сайд даргалдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тав, Шадар сайд нар ес, бусад сайд 19-ийг нь удирддаг аж. Сансрын бодлогын үндэсний зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо зэрэг “үлгэр”-ийн гэмээр нэр тэдгээрийн дотор хөвөрнө. Үйл ажиллагааны үр шимийг нь хүртэх нь битгий хэл, нэрийг нь ч сонсож байгаагүй хороо, зөвлөл ч зөндөө бий.
Тусгайлсан яам, агентлаг байсаар атал давхардуулан үйл ажиллагаа явуулахаар зөвлөл, хороо ч цөөнгүй. Жишээ нь, Оюуны өмчийн газар гэж байтал Оюуны өмчийн үндэсний зөвлөл гэж байгуулаад, Ерөнхий сайд өөрөө даргалдаг аж. Бүрэлдэхүүнд нь өчнөөн сайд, дарга байдаг ч өнөөдөр манайд оюуны өмч, хулгайтай холбоотой асуудал цэгцэрсэн бил үү. Бас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв байхад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг саяхан байгуулсан нь ямар хэрэгтэй вэ. Кибер аюулгүй байдлын зөвлөлтэй, бас эл асуудлыг хариуцсан яамтай атлаа л манай улсын иргэдийн мэдээлэл хаа сайгүй алдагдсаар байгаа. Түүнчлэн залуучуудын асуудал хариуцсан яамтай хэрнээ Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл давхар ажиллуулах ямар хэрэгтэй гэж. Яг үнэндээ гоё нэртэй олон хороо, зөвлөл биш, харин хэмнэлт хариуцсан нэгж л хэрэгтэй юм биш үү.
Шийдэл байна уу
Манай улс яг АНУ шиг хэмнэлтийн горимд шилжих бүрэн боломжтой талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сүүлийн үед байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа. Тэрбээр “Манайд зайлшгүй шаардлагатай зүйлийг АНУ-д хийж эхлэх нь. Өөрсдөө сэтгэдэггүй юм гэхэд санаа сэдэл авч, яаралтай хуулбарлах хэрэгтэй. Хэмнэлтийн яам, зөвлөл, хороо байгуулж, түүндээ суурилан төрийн алба, төсвийн реформыг зоригтой хийж, үр ашигт байдлыг нь дээшлүүлэх шаардлагатай. Ядуурлыг нэг оронтой тоонд хүртэл бууруулах хүртлээ хэмнэлтийн горим баримтлах ёстой. “Цагаан идээ, элсэн чихэр зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд өгдөг татаас, мөн эрүүл мэндийн салбар дахь булхай, луйвар зэргийг зогсоох замаар Засгийн газрын зардлыг бууруулах боломжтой” гэж Э.Маск хэлсэн байна. Манайд ч мөн таная, хэмнэе гэвэл тавилга, тоног төхөөрөмж, бараа, үйлчилгээ, гадаад айлчлалаас эхлээд элдэв сангийн татаас ч зөндөө бий” гэж цахим хуудсандаа бичжээ.
Яг ингэж хэмнэхийн тулд, ялангуяа төрийн албыг цомхон, чадварлаг болгох гол гарц нь хүний нөөцийн аудит хийх аж. Уг нь Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн үйл ажиллагааны дүрэмд “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудитыг зөвлөлөөс баталсан төлөвлөгөө, зааврын дагуу хийж, хүний нөөцийн удирдлагын чиг үүргийг сайжруулах зөвлөмж гаргах”, “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудитыг зөвлөлөөс баталсан төлөвлөгөө, зааврын дагуу хийж, хүний нөөцийн удирдлагын чиг үүргийг сайжруулах зөвлөмж гаргах...” гэж тусгасан байдаг юм билээ. Бас Төрийн албаны тухай хуулийн 66.1.8-д “...төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах...” гэж ТАЗ-ийн үүргийг тодорхойлжээ. Гэвч тус зөвлөлийнхөн эл үүргээ хэрэгжүүлэх бус, харин улс төрийн нам, эрх баригчдын үгийг дагаж, тэдний гарын аясаар хөдөлсөөр ирсэн нь төрийн албаны өнөөгийн хямралын шалтгаан болсон байх талтай. Шинэ Засгийн газар өдөр бүр шахам “өндөглөж”, үйл ажиллагааны давхардал үүсгэн, өөрсдийнхөө сонгуульд ажилласан менежерүүддээ хороо, зөвлөлийн ажлын алба, даргын албан тушаал бэлэглэж байхад ТАЗ нүдэн балай, чихэн дүлий суусаар байх уу.
М.ОЧ