Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.
ОБЕГ-аас анхааруулж байгаа нь усанд живэх нь 1-4 насны хүүхдүүдийн дунд гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын шалтгааныг тэргүүлж, 14 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хоёрдугаарт ордог. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийг бассейн, ванн, гол усны ойролцоо хараа хяналтгүй орхисноос болж хүүхдүүд усанд живэх тохиолдол өндөр байна. Тиймээс гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, алхам бүртээ сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.