Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дахь Шишгэд, Тэнгис голын бэлчирт загас үржүүлгийн лаборатори нээлээ. Хулдын овгийн тул, зэвэг, хадран загасыг уг лабораторид үржүүлнэ. Ингэхдээ нэг жилд 400-500 мянган жараахайг тэнд өсгөх боломжтой аж. Өдгөө уг лабораторид дээрх загаснуудын 230 000 түрсийг өсгөж буй гэнэ. Тэдгээрийг 2-3 см хүртэл нь бойжуулаад амьдрах чадвартай болох үед нь байгальд тавихаар төлөвлөжээ.
Загас үржүүлгийн лабораторийг ХААИС-ийн загасны аж ахуйн технологийн мэргэжлийн багш, судлаачид хариуцан ажиллах нь. Ийнхүү загас үржүүлгийн лабораторитой болсон нь экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад тустай гэнэ. Төсөл таван жил үргэлжлэх бөгөөд загасны үржлийн нүүдэл, өвөлжөөний газрыг хамгаалахад ч анхаарах аж. Шишгэд, Тэнгисийн бэлчир нь тул, зэвэг, хадран зэрэг олон төрлийн загасны өлгий нутаг юм.
Монгол орны усны сав газарт79 төрлийн загас тархсан аж. Тэдгээрээс бүс нутгийн хэмжээнд загасны дөрөвний нэг нь ховордох, устах аюулд хүрээд буйг Дэлхийн байгаль хамгаалах холбооноос анхааруулсан байдаг.
Бэлтгэсэн А.Үүлэн